Tuesday, July 8, 2008

Миний нохойнууд

"Харцага"
Би хэд хэдэн нохой тэжээж үзсэн. Одоогоор нэг нохойтой байна. Анх 1989 онд 3-р ангид байхдаа (Ховд аймгын Манхан суманд) нохой тэжээх хүсэл анх төрж аав ээжийгээ шалж эхэллээ. Миний усаа очиж авдаг арын хашааны хүүхэд гөлөг тэжээгээд тэрийгээ надруу ту ту гэж турхирж айлгана.
Тэр хар гөлөг нь өмд гутлаас зуугаад уушги, зүрх амаар гаргах шахна. Заримдаа зугатаж яваад бүдэрч унаж бүр амьтан болно. Уг нь алгын чинээ амьтан л даа. Одоо бодохоор яагаад тэр жаахан гөлөгнөөс тэгтлээ их айж байснаа ойлгодоггүй юм. Тэгээд өөрөө  нохойтой болчихвол адилхан айлгаж болно гэж бодсон хэрэг юмуу даа. Тэгээд жил шахам гөлөг хайлаа. Хааяа нэг энд тэндээс эзэнгүй гөлөг олж авчирахад охин гөлөг байна гэдэг байлаа. Эр гөлөг ховор, би гөлөгний хүйс ялгадагүй байж. Цавиндаа бондгор юмтай болохоор нь эр гэж андуураад байлаа л даа. Тэгж тэгж эцэст нь нэг айлаас цагаан зүрхтэй охин хар гөлөг авахаар болж аав, ээжийгээ ятгах хэрэг гарлаа. Хоол, унд, байр,асаргаа сувилгаа бүгдийг өөрөө хариуцна гэж баахан амлалт авч уйлан дуулж байж аваад ирлээ. Эхний өдөр хүн бүр сонирхоод сүйд.  "Харцага" гэж нэрлэлээ. Өвөл 1 сар байсан болохоор нүдээ дөнгөж нээсэн жаахан амьтан гадаа хонуулна гэж бодолтгүй байлаа. Орой унтахдаа хайрцаганд хийж пийшин рүү дөхүүлээд, бөөн баяртай амьтан хэвтлээ. Нойр хүрдэггүй. Байна байн очих үзээд л, хучиж дулаалаад л. Тэгж тэгж нэг дугхийтэл Харцага гаслаад эхэллээ. Сүү халааж уулгалаа,  дахиад хучлаа. Арайхийж нэг намжаагаад хэвттэл шөнө 5 цагт  дахиад орилоод унав. Би ч арайхийж босоод дахиад л бөөцийллөө. Сүүлдээ яах гэж гөлөг авчирваа гэж бодлоо. Тэгээд гөлөгөө өвөртөө хийгээд хэвтсэн чинь тайвшраад унтаж байна, хөөрхий минь. Би ч нам унтахгүй яахав. Өглөө босоод хартал Харцага өвөрт алга. Хөнжил дээгүүр баасны мөр. Өвөрт баачихаад зам татуулаад гүйсэн байна. Бөөн уур боллоо.


Ингэж анх нохой тэжээж  эхэлж байлаа.  Олон жил нохойтойгоо хамт тоглосон. Их зоригтой, том сайхан нохой болсон. Манай өөр сум руу шилжих болоод хамаатны айлдаа аргагүй үлдээсэн. Хожим сонсохнээ гөлөглөсөн гэж байсан даа.

4 comments:

  1. bayarlalaa bagshaa dajgvi blog bna.

    ReplyDelete
  2. ta bid 2n nohoi tejeesen tuuh barag l ijilhen ym bn shu.mini nohoi shunjinguu gaslaad aav eejiig untuulaagui ugluu ni sain zaginuulj baij bilee.sonirholtoi shu.

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд