Нэгэн эр өөртөө свот анализ хийжээ.
Давуу тал бол миний эхнэр.
Сул тал бол хөршийн эхнэр.
Хөршийг явахад Боломж гарна.
Намайг явахад Аюул ирнэ.
Чөлөөт цагийн блог
Нэгэн эр өөртөө свот анализ хийжээ.
Давуу тал бол миний эхнэр.
Сул тал бол хөршийн эхнэр.
Хөршийг явахад Боломж гарна.
Намайг явахад Аюул ирнэ.
/засварлаж нийтлэв/
Та бүх төрлийн өвчнийг оношлодог "Оберон" хэмээх орчин үеийн аппаратны талаар сонссон уу. Манайд ийм аппараттай газар хэд хэд бий.
Анх тийм аппаратыг 2003 онд харсан юм. Би паразит судлалын чиглэлээр магистрын ажил хийж байсан юм. Тэр үед “паразитыг найдвартай оношлодог” нэгэн аппаратын талаар дуулаад 13 хорооллын Ийст төвийн дэргэд байдаг нэг хувийн эмнэлэгт явж очлоо.
Халад өмссөн дунд эргэм насны, эмэгтэй эмч нь бололтой. Бас 2-3 эмэгтэй сууж байна. Ямар аппарат, шинжилгээ болохыг асуутал их л уриалагхан хүлээн авч “Дэлхийд анагаах ухаан хэр өндөр түвшинд хүрсэн, манай эмнэлэгүүд ямар муу болох"-ыг уйдтал тайлбарлаад каталоги авчирч баахан зураг сэлт үзүүлж байсныг санаж байна. Хүний цахилгаан соронзон орныг мэдрэгчээр бүртгээд комьпютерээр анализ хийж, хаана, ямар үрэвсэл байгаа, архаг хурц алин болох, ямар нян, вирус, паразитаар халдварлаж байсан, одоо халдварласан байгаа, ирээдүйд юугаар өвчлөх гэдгийг бүгдийг хэлдэг гайхалтай эд байгаа гэнэ дээ. Би ч оношлогоо гэхээсээ илүү бизнес болохыг ойлголоо. Гэхдээ тэр хосгүй гэж итгүүлэх гээд байгаа эдийг хармаар санагдаад үзэж болох эсэхийг аятайхан асуулаа. Нэг комьпютер, ширээний гэрэл шиг зүйл (мэдрэгч нь юм гэсэн), тэгээд өнгөт принтер байлаа.
Анх энэ аппаратыг сэдсэн хүмүүс нь Оросууд бөгөөд зохион бүтээгчдийнх нь хэлснээр “биемахбодод үүссэн эмгэг, тэдгээрийн эрт үеийн өөрчлөлтийг илрүүлэх зорилготой, гэхдээ энэхүү багаж нь одоогоор эмнэлэгийн зориулалттай биш, туршиж, хөгжүүлж байгаа” гэдгийг онцолсон байдаг.
Хэдийгээр тодорхой хувийн үнэн магадлалтайгаар эд эрхтэнд гарсан өөрчлөлтийг таамаглаж болох ч (гэхдээ баталж чадахгүй!!!) нян, вирус, ялангуяа нэг эст паразит зэргийг энэ багажаар илрүүлэх боломжгүй юм.

Гэтэл энэ аппарат хүний биед 20-30 зүйлийн халдварт өвчин үүсгэгч байгаа гэж оношлодог. Үнэндээ Анатомын атлас дээр байдагтай төстэй өнгөт зурган дээр гурвалжин, дөрвөлжин, бөөрөнхий дүрсүүд буулгаж үзүүлээд гурвалжин нь өөрчлөлт, дөрвөлжин нь үрэвсэл, бөөрөнхий нь хавдар гэх мэтээр (сольсон бол байж магад) тайлбарладаг юм билээ.
Өнөөдөр энэ бизнес улам бүр цэцэглэн хөгжиж, янз бүрийн сүлжээний бизнестэй нийлж иргэдийг төөрөгдүүлсээр байна. Жишээ нь Coral Club Mongolia. Гэнэн нэгнээс нь 30-40 мянган төгрөг авч түмэн янзын өвчтэй болохыг нь “оношлож” бие чинь авах юмгүй болтлоо өвчний үүр болсон, шимэгч, нянгаар дүүрсэн гэж ойлгуулна. “Оношлогоонд” орох очер дугаар нь бараг сарын өмнөөс бичигдсэн байдаг гэнэлээ.
Үйлчлүүлэгчид нь баян ядуу, янз бүрийн боловсролтой. Ихэнхдээ нас тогтож эрүүл мэнддээ анхаарал хандуулж байгаа хүмүүс. Үнэхээр архаг хууч өвчнөөсөө салахыг хүсэж найдвар тээсэн нэг байхад, өөрийгөө эрүүл гэдэгтээ итгэдэггүй, заавал нэг өвчний нэр сонсож байж санаа амардаг хүн ч байх. Эмэгтэйчүүд л илүү очиж үзүүлж таарна. “Оношлогоо”-гоор бол та бараг бүх эрхтний ямар нэгэн өвчтэй болох нь илэрнэ. Дээрээс нь янз бүрийн эрдэс бодисын илүүдэл дутагдал, энд тэнд байгаа ирээдүйд хавдар ч болж мэдэх эсүүд гараад ирвэл бүү гайхаарай. (учир нь “эсийн түвшинд оношлодог” хэхэ). Уг аппаратаар хорт хавдартай гэж оношлуулаад Хөх хот, Бээжин явж эрүүл болохоо мэдсэн хүмүүс байдаг гэж уншсан. Манайд тохиолдож байгаагүй халуун орны шимэгч нэг эст организмыг хүртэл аль эрхтэнд, хичнээн тоотой байгааг шуудхан хэлээд өгнө. Мөн өдий төдий элэгний, тархины вирусууд байх болно. Одоо шинж тэмдэггүй байгаа ч таны биед нуугдаж байгаа гэж тайлбарлаад эртхэн эмчлүүлэхийг зөвлөнө. Гэхдээ тэр эмнэлэгт очиж хэвт, тийм эмчилгээ хийлгэ гэж зөвлөхгүй. Учир нь манай эмнэлэгийн эмч нар энэ аппаратыг мэдэхгүй, хоцрогдсон, эм тариа нь химийн гаралтай учраас улам хор болно гэж ойлгуулна. Ингээд сэтгэлээр унасан хүмүүст “нано технологиор үйлдвэрлэсэн” 100 хувь байгалын гаралтай бэлдмэлийг (найрлагыг нь хараад татаж унамаар) хэрэглэвэл маш өндөр үр дүнтэй болох зөвлөнө. Ингэхдээ гадаадын үл мэдэгдэх, чухал нэртэй компаний хийсэн судалгаа, баримтыг иш татаж бүр бодит жишээн дээр батлана. (тэр жишээ нь таны хажууд сууж байх магадлалтай)
Таны курс эмчилгээний зардал гэж нэлээд өндөр дүн гарах байх. Гэхдээ мөнгө багатай бол дор хаяж уух ёстой хэдэн бүтээгдэхүүн таны өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгааг харж байгаад сайхан тааруулаад хэлээд өгнө. Ингээд дараа хэн нэгнийг дагуулж ирвэл хөнгөлөлт урамшуулалттай бөгөөд очер дугааргүй “оношлогоонд” орж болохыг сануулна. Эмчилгээний үр дүнг би үнэхээр хэлж мэдэхгүй юм. (уг нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд эмчилгээний үр дүн гэж байдаггүй)
Ихэнх нь их мөнгө төлж, олон юм уусан болохоор сайжирсан, дээрдсэн, сайхан болсон гэдэгтээ итгэдэг байх, учир нь хоолны шингэц сайжирсан, баасны өмхий арилсан, өтгөн хатахаа байсан зэрэгтээ сэтгэл ханана. Энэ аппаратны талаарх мэдээлэл амнаас ам дамжиж, аймаг суманд айлчилж хүн ардад үйлчилсээр (хуурсаар) байна.
Хэд хэдэн паразиттай гэж “оношлогдон” 300 доллараар “эм” (хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж би хэлээд л байгаа) авч уусан эмэгтэй надтай уулзаж байсан юм. Нөхөр нь мэргэжлийн хүнээс асууж байгаад дараагийн “эмээ” авч уухыг санал болгосон байсан. Би ч нэлээд хэдэн зүйлийг тодруулж асуулаа, ямар нэгэн шимэгчийн халдварын шинж тэмдэг, зовиур шаналгаа юу ч алга. Гэхдээ л тэр эмэгтэй их санаа зовсон байсан болохоор ХӨСҮТ-ийн лабораторт шинжилгээ өгч болно гэдгийг хэллээ. Дотроо бол ... арай ч дээ, ингэж луйвардуулаад байхдаа яахав дээ гэж хэлмээр байсан ч зарцуулсан мөнгийг нь бодоод тэр хүний урамыг хугалахыг хүсээгүй юм.
Ийм юм хийж мөнгө олоход их л ширэн нүүр хэрэгтэй санагдаад байгаа юм. Эмч нар нь үнэхээр таны өвчин эмгэгийг оношлож байна гэдэгтээ их итгэлтэй харагддаг. (үнэхээр итгэсэн байдаг байх)
Уг нь энэ доорх шиг юм хадчихаад сууж байвал луйвар гэж хэлэхгүй дээ. Та юу гэж бодож байна ?
“Oberon does not provide specific medical advice, and is not engaged in providing medical and professional services. Use of Oberon does not replace medical consultations with a qualified health or medical professional to meet health and medical needs”