Wednesday, February 11, 2009

Charles Darwin 200


Өнөөдөр 2-р сарын 12 энэ өдөр олон мянган эрдэмтэд, судлаачид, багш нар, оюутнууд, их дээд сургуулиуд нэгэн гайхамшигт ойг тэмдэглэж байна. Шинжлэх ухааны хувьд ойг тэмдэглэхийн зорилго нь түүхэн ололт амжилтыг дэлгэрүүлэн баталгаажуулах, түүнийг нээсэн суут хүмүүсийг алдаршуулах, ирээдүйн их нээлт рүү тэмүүлэх урам зориг авахад оршдог.

Английн нэрт эрдэмтэн Чарльз Роберт Дарвины мэндэлсний 200 жилийн ой, түүний туурвисан “Байгалын шалгарлын замаар зүйлийн үүссэн нь буюу амьдралын төлөөний тэмцэлд ивээгдэгч үүлдэр мэнд үлдэх нь” бүтээлийн 150 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд дэлхийн сая сая хүн нэрт эрдэмтний гайхамшигт санаа, суут бүтээлийг эргэн дурсаж байна. Миний бие энэ хүнийг биширч явдагийн хувьд Дарвины сургаал Анагаах ухаанд ямар ач холбогдолтой болох талаар өөрийн бичлэгийг түүний ойд зориулж байна.
“New York Times” сонины 2005 оны 10 сарын нэгэн дугаарын нийтлэл дунд Эволюци бол биологийн тулгын чулуу, биологи нь анагаах ухааны үндэс гэсэн өгүүлбэр нүдэнд содон туслаа.
Эволюцийн сургаалийн үнэ цэнийг генетик, халдварт өвчин судлалын салбаруудад ихээхэн ашигладаг боловч анагаах ухаанд чухам ямар ач холбогдолтойг олон хүмүүс төдийлөн сайн мэддэггүй гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Эволюцийн биологийн судалгааны цөөн ололтууд л анагаах ухаанд нэвтэрч, ихэнх нь онолын үндэс гэж нэрлэгдэх төдийгөөр ойлгогдож иржээ. Эмч нар анатоми, физиологи, биохими, эмбриологи зэрэг ухаануудыг анагаах ухааны суурь шинжлэх ухаан гэж хүлээн зөвшөөрдөг хэдий ч эволюцийн биологи гэдэг нэрийг дуулаагүй байх нь олонтаа.
Ирээдүйн эмч нарт заагдаж байгаа хичээлүүд ихэнхдээ яагаад бидний бие махбод зарим гадны хүчин зүйлсүүдэд бусдаас илүү эмзэг өртөмтгий байдаг шалтгааныг олон янзаар тайлбарладаг боловч түүнд эволюцийн онолын үүднээс хандаггүй. Төрөх замын уйтрал, агт араа ургах, хоёр туйлт сэтгэцийн эмгэг ба хөгшрөлтийг нөхцөлдүүлэгч генүүдийн үйл ажиллагаа нь бидний хувьсаж ирсэн түүхтэй холбоотой байдгийг тогтоосон нь эволюцийн сургаал анагаах ухаан ач холбогдолтой болохыг харуулж байна. Эволюци нь биологийн шинжлэх ухаанд төдийгүй анагаах ухааны асуудлуудын үндсийг тайлбарлахад чухал юм. Жишээ нь: Бактерийн антибиотикт тэсвэртэй байдал үүсгэх зүй тогтол.
1929 онд Александр Флэминг антибиотикийн эрин үеийг эхлүүлснээс хойш энэ төрлийн эмүүд хүн төрөлхтний олон аюулт өвчнийг амжилттай эдгээж байсан учраас шидэт эмэнд тооцогдож байлаа. Гэсэн хэдий ч өнөөдөр олон төрлийн антибиотикийг зохисгүй хэрэглэснээс үүдэн эмчилгээний үр дүн нь буурч байгаа нь анагаах ухаанд тулгамдаж байгаа асуудлуудын нэг болоод байна. Антибиотикийн алтан үе богино настай байжээ.
Сүүлийн хэдхэн жилийн дотор бактерийн олон омгууд антибиотикт тэсвэртэй болж хувьсжээ. Тухайлбал энэхүү зурагт үзүүлсэн заг хүйтэн өвчнийг үүсгэгч Neisseria gonorrhoeae бактери юм.
1960-аад онд бидний сайн мэдэх пенициллин, ампициллин эмүүдээр заг хүйтэн өвчний дийлэнх хэлбэрийг бүрэн анагааж чаддаг байсан бол өнөөдөр энэ нянгийн ¼ нь олон эмийн дасалтай, 98% нь пенициллинд дасалтай болж хувьсжээ. Эмч нар хэрэглэсэн антибиотик бүр нь үр дүнгээ өгч өвчтнийг бүрэн илааршуулдаг байсан сайхан цагаа дурсацгааж байна. Гэвч эволюцийн онолын үүднээс хандвал бактерийн эмэнд дасалтай болох хурдыг бууруулах зарим тусгай тактикийг (шаардлагатай үед хэрэглэх, хангалттай тунгаар хэрэглэх, хослуулж хэрэглэх) олж харж болно.
Ханиалга, халууралт, суулгалт зэрэг нь байгалын шалгарлаар нөхцөлдсөн хамгаалах урвал гэдгийг эмч хүн бүр мэддэг. Тэгвэл эдгээр хамгаалах урвалыг хэдийд эмчилж, зогсоохыг шийдэх амаргүй. Үүний тулд дээрх хариу урвалуудыг хэрхэн үүссэж бүрэлдсэнийг судлах хэрэгтэй болно.
Эволюцийн сургаал нь халдваргүй болон халдварт өвчнүүд, ялангуяа ДОХ-ыг эмчлэх, түүний эсрэг вакцин гаргаж авах арга замыг олоход тусалж чадна гэдэгт судлаачид итгэж байна. Хүн төрөлхтөн өвчин үүсгэгч аюулт нян, вирусийн шалгуурыг хэрхэн давж хувьсаж ирсэн, харин вирус бидний бүтээсэн эмийг яаж давж гарч ирсэн хувьслын түүхийг судалбал бид халдварт өвчнүүдийг үр дүнтэй эмчлэх аргыг олж болох юм. ДОХ-ийн үед вирусийн тасралтгүй хувьсах өөрчлөлтийг зогсоох нь эмчилгээний хамгийн зөв шийдэл байж болох юм.
ХДХВ бол анагаах ухаанд мэдэгдэж байгаа хамгийн хурдан хувьсагч билээ. Энэ вирус өөрийнхөө генетикийн материалыг хувилах явцдаа олон тооны мутацийг хуримтлуулж, ердөө нэг өдрийн дотор гэрлийн хурдаар хэдэн тэрбум болж үржих чадвартай. ХДХВ-тэй тэмцэхийн тулд хүний биед уг вирусийн эволюци хэрхэн явагддагийг ойлгох хэрэгтэй. ХДХВ-ийн эволюцийг судалж байсан эрдэмтэд түүний зарим вирустай ойрын холбоотой болохыг тогтоожээ. Үүнд, сармагчинд халдварладаг SIVs (simian immunodeficiency viruses), мууранд халдварладаг FIVs (feline immunodeficiency viruses) зэрэг вирусууд юм. Эдгээр вирусуудэд сонирхолтой нэг шинж байдаг нь вирус агуулсан сармагчин, муурнууд нь өвчилдөггүй байна. Хэрвээ сармагчин, муур тэдгээр вирустэйгээ хэрхэн зохицон амьдарч байгааг ойлговол ХДХВ-ийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх аргыг олж чадна.
ДОХ бол хүн төрөлхтөн эмчлэх аргыг нь олохгүй байгаа цорын ганц тахал юм. Хүний геном бидний тулалдаж байсан нянгуудын ул мөрийг агуулж байдаг. Эдгээрийн нэг нь CCR5 гэж нэрлэгддэг генийн мутаци бөгөөд ДОХ-ыг эмчлэх аргыг олоход тусалж чадах мутаци гэж судлаачид үзэж байна. Мутант CCR5 аллель анх Хойд Европд 700 жилийн өмнө тахал хүн амыг нь сүйрүүлж байх үед тархсан гэж таамагладаг. Мутант CCR5 ген нь эзнээ өвчинд тэсвэртэй болгож байдаг учраас популяцид түүний давтамж байнга нэмэгдэж байдаг. Өнөөдөр Европын зарим хэсэгт хүн амын 20 хүртэлх хувь нь дээрх хамгаалагч аллелийг агуулж байхад Ази, Африкт дээрх тоо их бага байна.
Эрдэмтэд мутант CCR5 нь ХДХВ-ийн халдварт тэсвэртэй байдал үүсгэдэг хачирхалтай нөлөөг илрүүлсэн бөгөөд энэ генийн бүтээгдэхүүнийг судалснаар ХДХВ-ийн эсрэг эмчилгээний арга боловсруулж чадна гэдэгт найдаж байна. ХДХВ-ийн эсрэг эм гаргаж авах нь тийм найдвартай арга биш юм. Учир нь ХДХВ эмчилгээний явцад хувьсаж чадах учраас өвчтөн эм ууж байх хугацаанд дасал үүсэх бүрэн боломжтой. Хэрвээ бид вируст илүү олон шалгуур тавьж өвчтөнд нэгэн зэрэг хэд хэдэн эмийн холимогийг уулгавал дасал үүсэх явцыг эрс бууруулах боломжтой.
Эволюцийн онолоор халдварт өвчний төдийгүй биеийн бүтцийн гажигийн эх үндсийг тайлбарлаж болно. Биохимичид билирубиний солилцоог судалж байхад, эволюцийн биологчид билирубин яагаад нийлэгждэг болохыг судалж билирубин нь чөлөөт радикалийн эсрэг өндөр үр нөлөөтэй болохыг тогтоожээ.
Молекул биологийн судалгаанууд олон тооны удамшлын өвчнүүдэд эволюцийн хүчин зүйл нөлөөтэй болохыг тогтоожээ. Сурах бичигт халуун хумхаа өвчинд тэсвэртэй шинж үзүүлдэг хадуур эст цус багадалтыг жишээ болгон татдаг. Үүнтэй адил хамгаалалт бусад эмгэгүүдийн үед байж болох юм. Амьдралын хэвшил, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн улмаас өвчин эмгэг үүсэх шинэ шалгаанууд бий болсоор байна. Тиймээс бидний хүрээлэн байгаа орчны чухам юу нь эмгэг төрүүлэх чанартай вэ гэдгийг судлах шаардлага урган гарч байна. Хөхний хавдар үүсэх эрсдэл жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэдэггүй эмэгтэйчүүдэд 4 дахин бага байгаа нь дааврын өөрчлөлттэй холбоотойг илрүүллээ. Мөн шөнийн цагаар зохиомол гэрэлтүүлэгт удаан байх нь мелатонины шөнийн ялгарлыг дарангуйлж хөхний хавдар үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаа баталж байна.
Эволюци нь мөн үргүйдэл зэрэг олон эмгэгийн шалтгааныг тайлбарлахад тусалж байна. Эм бэлгийн эсийн 99,9% нь устаж цөөхөн эсүүд боловсорч үр тогтох чадвартай болдог нь ирээдүйн хөврөл, урагт генетикийн согог үүсгэхээс сэргийлсэн эволюцийн процессийн үр дүн юм. Жирэмсэний эрт үедээ давтан зулбах тохиолдлуудыг мөн дээрх шалтгаанаар тайлбарлаж болно.
Энэ бүх жишээнүүд эволюцийг анагаахын суурь шинжлэх ухаан гэдгийг баттай нотолж байна. Анагаах ухаанд Дарвины сургаалийн үзэл санаа нэгэнт тусгалаа олжээ. Эмгэг төрүүлэгч нянгийн хувьсал, удамшлын өвчин, хавдар үүсгэгч генүүдийн эволюцийн судалгаа эрчимжиж байна. Эволюцийн сургаалийн үзэл санаа олон шинжлэх ухааны үндэс болж түгэн дэлгэрч, баримтжин батлагдсаар байна.
Үндэстэй мод дэлгэрдэг гэсэн ардын үг бий. Тиймээс шинжлэх ухааны агуу ололт амжилт, үр дүн, нээлтүүдийн эх ундарга болсон тэрхүү үндэс (origin)-ийг бий болгосон суут хүнийг эргэн дурсая.

1 comment:

  1. Баярлалаа. 10 жилд биологийн хичээлдээ их дуртай байж билээ. Энэ нийтлэл маш их таалагдлаа. Амжилт! :D

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд