Saturday, October 17, 2009

Санаанаас гардаггүй лекц

Нэгдүгээр курсийн оюутан: Одоогоос 12 жилийн өмнө. Анх удаа хотод оюутан болж ирээд 3 хоноод байлаа. 9 сарын 1-ний өглөө эртхэн босоод 8.40 минутад эхлэх хичээлдээ яаран гарлаа. Сэтгэл хөдөлж байна гэж жигтэйхэн.
Өчигдөрхөн заалгасан замаараа анагаах руу алхлаа. 11-р хорооллоос гараад урагш алхаад хөндлөн зам тулахаар нь баруун эргээд явахаар байгаа даа гэж хайлаа. Хүнээс асуулаа, арай л өөр зам хэлээд байх шиг байхаар нь дахиад хүнээс асуулаа. Яг адилхан хэлж байна. Тэгээд нэг юм дахин урагшаа баахан алхаад төв замаа олж сургуульдаа очлоо. Хичээлийн хуваарь хадсан самбарыг харж хэсэг зогслоо. Ойлгосонгүй. Дээд курсийн оюутнуудаас асууж лекц орох юм байна гэдгийг мэдээд ангиа хайж гүйсээр хоцорлоо. Завсарлагаанаар зааландаа орж суугаад амьдралдаа анх удаа лекц гэдэг юмыг сонсонгоо бичиж үзлээ. Одоо санахад нэлийсэн том заал, дүүрэн цагаан халадтай оюутнууд, багшийн "За оюутнуудаа" гэж байгаа нь арван жил "сурагч" гэж дуудуулсан чихэнд сайхан сонсогдож байсныг тодхон санаж байна.

Залуу багшийн анхны лекц: Багш болсны дараа анх лекц уншиж болно гэдгээ сонсоод би их хөөрч байлаа. Надад "томчуудын" уншдаг лекцийг орно гэдэг их том боломж байлаа. Заавар зөвлөгөө аваад л, баахан англи монгол, шинэ хуучин ном цуглуулж байгаад зуны амралтаар лекцийн слайдуудаа учиргүй сайхан бэлтгэлээ. Мартаж гацсан, хадуурч тэнэсэн тохиолдолд харах товчлолоо бичлээ. Тэр семестрийн лекцүүдийг хэрэндээ хичээж уншсан. Харин цахилгааны доголдол тасарсан тохиолдолд слайд байхгүй учир миний лекц нэг л болохгүй байлаа.

Санаанаас гардаггүй лекц: Өдийг хүртэл номын мөр хөөхдоөө гадаад дотоодын олон багш нараас сайн муу зөндөө лекц сонссон байх юм. Лекцийг сайн муу гэж үнэлдэг хэмжүүр маань их өөрчлөгджээ. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль жил бүр оюутны дунд санал асуулга явуулж "Оюутны хүндтэй багш" тодруулдаг уламжлалтай. Ноднин энэ хүндтэй багш нар дотроос 5 багшийг сонгож хүндэтгэлийн чөлөөт сэдэвтэй, нээлттэй лекц уншуулсан юм. Даваагаас баасан хүртэл өдөр бүр нэг багш үдээс хойш лекц уншихаар хуваарь гарчээ. Багш нар хүмүүст сонирхолтой байлгах үүднээс мэргэжлийн гэхээсээ илүү өөрсдийнхөө оюутан байсан, багш болсон, хөгжилтэй түүх энэ тэр оруулаад их хөгжилтэй сургамжтай сайхан лекцүүд уншиж байх юм. Лхагва гаригийн 3 цагт оюутны соёлын төвийн зааланд Сэтгэцийн эмгэг судлалын багш профессор Бямбасүрэнгийн лекц унших гэж байлаа. Заал пиг дүүрэн. Оюутнууд, багш нар, сургуулийн удирдлагаас зарим хүмүүс ирсэн харагдана. Багш өөрөө индэрийн ойролцоо сууж харагдана. Powerpoint слайдыг харахад мань хүн оюутнуудад ордог хичээлээсээ шууд уншихнээ. Лекц эхлээд 10 мин явж байсан гэнэт тог тасарлаа. Сургууль тэр чигээрээ харанхуй. Оюутнууд шуугилдаад эхлэхээр нь "За одоо хүмүүс тараад лекц ч өнгөрлөө" гэж бодож суутал хэн нэгэн "Багшаа, харанхуй ч гэсэн уншья " гээд л хашгирч байна, тэгсэн заал тэр чигээрээ "багшаа унш унш" гээд ориллоо. Багшийн дуу харанхуй индрийн тэндээс гарч үргэлжлүүллээ. Хаалганы ойролцоо суусан би хэн нэгэн гарч явж байгаа эсэхийг харж, лекц сонсож суулаа. Зигмунд Фрейдын онолоор эхэлж, стресс бухимдалын үр дагавараар үргэлжилсэн лекцийн дундуур харанхуй заалийг орхисон хүн байсангүй. Зөвхөн сонсож, түүнийгээ дотроо зурж төсөөлж суулаа. Багшийн лекц улам сонирхолтой болсоор өөрийгөө ятгаж үнэмшүүлэх арга техникийг зааж өндөрлөж билээ. Лекц дуусахаас 15 мин өмнө цахилгаан ирсэн санагдана. Гэхдээ хэн ч тог, слайд үгүйлээгүй, хүн бүр дотроо дүрсэлсэн тийм сайхан лекц болсон доо. 2 цаг гаруй оюутнууд, сонсогчдийн анхаарлыг бүрэн эзэмдсэн тэр лекц тас харанхуй зааланд явагдсан гэхээр надад багшийгаа бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Учир шалгааны дэс дараа, эмх цэгц, энгийн ойлгомжтой байдлаар лекц уншина гэдэг аргагүй багш хүнд цаг хугацааны турш бүрэлдэж бий болдог гайхалтай чадвар юм даа гэж бодож билээ. Самбар шохойгүй байсан ч сайн лекц уншдаг болох юмсан.

6 comments:

  1. Чи бид 2 адилхан их сургуулийн багш бололтой. Ажил нэгт андын цаашдын ажил үйлсэд амжилт хүсэе.

    ReplyDelete
  2. Тасархай лекцээ уншиж сурах юмсан Одоо хүртэл чадаагүй л сууна

    ReplyDelete
  3. Ingej unshij surah yumsan. Neg l setgeld hurehgui l bgaad bgaa yum daa.

    ReplyDelete
  4. Сайхан дурсамж байна.

    ReplyDelete
  5. би ч бас 1р курстээ хуваариа ойлгохгүй төөрч л байлаа

    ReplyDelete
  6. Blogoo vrgeljlvvleed bicheed l baigaarai. Unshih ih durtai

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд