Tuesday, December 14, 2010

Биотехнологи ба хүнс

''Биотехнологи'' гэдэг үгийг ''хүнс'' гэдэгтэй хамт хэрэглэхээр ямар нэгэн мутант хүнсний зүйл санаанд бууж, их хэрэглэвэл өөрсдөө ч мутант болох юм шиг санагдаж болох юм. Биотехнологи бол хавдрыг эмчлэх, ямар нэгэн амьтныг өөрчлөн хувиргах гэх мэт зүйлд зориулагдсан юм шиг бодогдоод, хоол хүнстэй төдийлэн холбогдохгүй мэт санагдаад байдаг л даа. Гэтэл энэ бол нэг их хол хөндий, сансрын зүйл биш, бидний амьдралд, тэр дундаа хүнсний биотехнологи хэрэглэгдсээр ирсэн гэдгийг биотехнологийн талаарх эхний бичлэгт дурдсан билээ (Биотехнологи гэж юу вэ ?).


Тараг бол бичил биетэний тусламжтайгаар бий болдог бүтээгдэхүүн. Тарагны хөрөнгөөр дамжуулан сүүнд зарим нянг нэмж, тохиромжтой нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд тэдгээр нянгууд өсөж үржин, сүүг тараг болгон хувиргадаг. Мэдээж нян бүр үүнийг хийж чадахгүй. Эхлээд сүүг халааж хөөрүүлэн сүүг муутгадаг нянг устгаж ариутгана. Дараа нь хэрэгтэй сүүн хүчлийн нянгуудыг (Streptococcus ба Lactobacillus гэсэн 2 төрлийн нян) ариутгасан сүүн дээрээ нэмж өгснөөр тараг бүрэлдэж эхэлнэ. Тарганд тодорхой тооны амьд нянгууд агуулагдах бөгөөд тэдгээр нь эрүүл мэндэд тустай. Бичил биетэн, нянг үргэлж өвчин үүсгэгч муу зүйл гэж ойлгох хэрэггүй юм.

Биотехнологийн дэвшилтэт аргуудыг ашигласнаар илүү чанартай, тэжээллэг, аюулгүй хүнсийг байгал орчинд ээлтэй, хямд аргаар гарган авах нөхцөл бүрэлддэг.
Эрдэнэ шишийн (corn) тариалангын нэг том асуудал нь хортон шавьж юм. Үүний эсрэг эрдэмтэд Bt хэмээх хортон шавьжинд тэсвэртэй эрдэнэ шиш (Bt corn) гарган авсан байна. Bt уургыг анх хөрсний нэгэн төрлийн нянгаас илрүүлсэн бөгөөд энэ уураг нь зөвхөн эрдэнэ шишийг идэж устадаг авгалдай, шавьжийг үхүүлэх чадвартай, харин бусад шавьж, амьтад, хүнд ямар нэгэн хор нөлөөгүй болохыг тогтоожээ. Ингээд уг нянгаас Bt уураг үйлдвэрлэдэг генийг ялган авч, эрдэнэ шишийн ДНХ-д суулгасанаар генетикийн хувьд өөрчлөгдсөн шинэ эрдэнэ шиш бий болжээ. Ингэснээр эрдэнэ шишийн тариаланд хэрэглэгдэх хортон шавьж устгах бодисын хэмжээ багасч, байгалд ээлтэй технологиор бүтээгдсэн илүү аюулгүй хүнс нэгээр нэмэгдсэн байна.

Биотехнологийн аргаар хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгасан, амт чанар, өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн, тэжээллэг байдлыг нь сайжруулсан олон жишээг дурдаж болно. Энэтхэгийн Неругийн их сургуулийн эрдэмтэд төмсний уургийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ген шилжүүлэн суулгаж, уураг ихтэй, орлуулагддаггүй амин хүчлээр баялаг, тэжээллэг төмс гарган авсан байх юм. Үүнтэй адилаар А витамин ихээр агуулдаг алтан будаа (golden rice), канола (canola) ургамлын тос зэргийг гарган авсан билээ. Та “Алтан тариа” гэж сонссон нь лавтай, харин “Алтан будаа” гэж өмнө нь сонсоогүй байж магад. Алтан шаргал өнгийн энэ будаа жирийн будаанаас олон арав дахин их хэмжээний А витамин агуулдаг бөгөөд уг витамины дутагдалтай тэмцэхэд зориулагдан бүтээгдсэн юм. Эрдэмтэд алтан будааг улам сайжруулан, төмрийн агууламжыг нь нэмэгдүүлэн төмөр дутагдлаас үүдэлтэй цус багадалттай тэмцэхээр ажиллаж байна. Шинэ Зеландын эрдэмтэд жирийн үнээнээс илүү их уурагтай сүү өгдөг ген шилжүүлэн суулгасан үнээ бий болгосон байна.

Ашигтай найрлагыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр хэрэгцээгүй, хортой найрлагыг нь бууруулсан бүтээгдэхүүнүүдийг биотехнологийн аргаар гарган авч болдог байна. Жишээ нь өөх багатай мах өгдөг мал, амьтан, харшил үүсгэгч бодисгүй самар, ногоо зэргийг дурдаж болно. Хүнсний үйлдвэрлэлд биотехнологи улам бүр нэвтэрч байгаагын нэг жишээ нь Японы эрдэмтэд сонгины нулимс гаргадаг бодисын генийг илрүүлэн, улмаар уг генийн үйл ажиллагааг зогсоож, "уйлуулдаггүй" сонгино гаргахаар ажиллаж байгаа явдал юм.

Биотехнологи нь хүнсний хангамж, чанарыг сайжруулахад шууд нөлөөлөхийн зэрэгцээ хүнсийг муутгаж бохирдуулдаг нян, хорт бодисыг илрүүлэх, шалгахад мөн өргөн ашиглагддаг. Хүнсний бүтээгдэхүүнээс гэдэсний савханцар илэрлээ, хоолны хордлогын шалтгаан нь гэдэсний савханцар байжээ гэсэн мэдээ хааяа сонсогддог шүү дээ. Тэгвэл гэдэсний савханцар (E.coli)-ийн өвчин үүсгэдэг хэлбэрийг өвчин үүсгэдэггүй хэлбэрээс нь богино хугацаанд ялган тодорхойлоход полимеразын гинжин урвал гэх мэт биотехнологи, молекул биологийн аргуудыг ашигладаг.

Дэлхийн хүн ам өсөж, хүнсний хэрэгцээ нэмэгдэж буй өнөө үед биотехнологийн ололт амжилтууд хүнсний үйлдвэрлэлийн салшгүй хэсэг болох бизээ.

7 comments:

  1. Үл орлогдох амин хүчил гэдэг шүү.

    Гоё нийтлэл байна баярлалаа. Мэдээж Худалч хүнд бараг зарим Монгол малын махнаас бусад нь хүний зориудаар өөрчилсөн зүйл болчхоод байгаа шүү дээ.
    Ямар ч тариачин хорхойд тэсвэртэй ногоо тарьж, манай ямар ч ААН ганд тэсвэртэй буудай тариалъя гэх шүү дээ. Энэ бүгдийг хүн бий болгож байгаа шүү дээ. Мэдсэн ч мэдээгүй ч идсээр л байгаа.

    ReplyDelete
  2. Шинжлэх ухаан гэдэг ийм л агуу зүйл дээ. Даанч манайд үүнийг ойлгодог хүмүүс нь тун бага байна даа.

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Гэхдээ энэ хувиргасан трансген ургамлуудад үнэндээ сөрөг нөлөөлөл тоймгүй бийлдээ. Ядуу буурай орнуудруу тусламжаар энэ хүнсээ явуулна. Яг үнэндээ бараг л далдуур туршилтын талбар болгож байж ч мэднэ.

    ReplyDelete
  5. arga zuig delgernguigeer tailbarlwl

    ReplyDelete
  6. мэдээлэл өгч тусалсанд баярлалаа

    ReplyDelete
  7. хэрэгтэй сонирхолтой мэдээлэл байна.

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд