Friday, July 1, 2011

Хамууг яаж оношлох вэ ?

Хамууны талаарх анхны товч бичлэг маань энэ блогын хамгийн их сэтгэгдэл бичигдсэн хуудас болжээ. Сэтгэгдлүүдийн ихэнх нь хамуутай эсэхээ мэдэхийг хүссэн эсвэл хэрхэн яаж эмчлэх вэ зэрэг асуултууд байдаг. Тиймээс эдгээр асуултуудын хариу болгон энэ удаад халдварлалт, шинж тэмдэг, оношлогооны талаар бичлээ.
Дараагийн удаа эмчилгээ, сэргийлэлтийн талаар дэлгэрэнгүй бичлэг оруулах болно.
Хамуу өвчин хамууны хачгаар үүсгэгддэгийг бид мэднэ. Хачиг нь өндөг, авгалдай, хүүхэлдэй шатыг дамжин бие гүйцэн хөгждөг.  Өндөгнөөс бие гүйцэх хүртэлх нийт хугацаа ойролцоогоор 14 хоног байна. Авгалдай, хүүхэлдэй болон эр хачиг арьсны гадаргуу дээр явах юмуу  арьсны өнгөн хэсэгт нүхэнд, эсвэл үсний хүүдийд нуугдаж байдаг. Эм хачиг арьсны өнгөн хэсэгт өндгөө гаргах нүх ухаж эр хачгийг  хүлээнэ. Эр хачиг эмэгчингээ хайж олоод, үр тогтоож удалгүй үхдэг. Үр тогтсон эм хачиг нүхээ уртасган, хоолой болгон ухаж, өдөр бүр 2-4 өндөг гаргаж 40 хүртэл хоног амьдарна. Хамууны хачиг цусаар биш арьсны эд, шүүдэсээр хооллодог. Хачиг температур буурахад идэвх нь багасах бөгөөд 16°C-с доош  хэмд идэвхгүй болдог. Тиймээс хүний биеээс салсан хачигны халдварлах чадвар эрс буурсан байдаг. 50°C-с дээш хэмд хачиг 10 мин дотор үхнэ.
Халдварлах зам
Хамгийн гол халдварлах зам нь арьсаар хүрэлцдэг шууд контакт байдаг. Хамуутай хүнийг усанд оруулах, биед нь тос түрхэх, иллэг хийх зэрэг гараар тодорхой хугацаанд хүрэлцсэн тохиолдолд халдвар авах өндөр магадлалтай.  Мөн дундаа хэрэглэдэг ор хөнжлийн даавуу, хувцас, гар нүүрийн алчуур, бээлийгээр дамжин халдварлаж болно. Чийгтэй дулаан нөхцөлд хачиг удаан амьдарч чаддаг тул саун, халуун усны газар, бассейны хувцас солих өрөөгөөр дамжин халдварлаж чадна. Харин гар барьж мэндчилэх, биед нь шүргэх төдий хүрэх, хамуутай хүний барьсан эд зүйлст хүрэх зэргээс  халдварлахгүй гэж үздэг.  Халдвар авснаас хойш 1-2 сарын турш ямар нэг шинж тэмдэг илрэхгүй.  Харин өмнө нь хамуурч байсан хамууны хачигт мэдрэгжсэн хүнд загатнах шинж  хэдхэн өдрийн дотор илэрч болно. Хамууны халдвар авсан хүн шинж тэмдэггүй боловч бусдад хачиг халдаах болно. Тиймээс хамууны хачиг авснаас эхлээд эмчилгээний явцад сүүлчийн өндөг авгалдай үхэж дуусах өдөр хүртэл уг хүн халдвар тараах боломжтой.
Шинж тэмдэг
Хамууны улмаас арьсан дээр гарах тууралтыг үндсэнд 3 хэлбэрт хуваадаг. Тууралт нь маажсаны улмаас үүсэх шархлаа, таваар баяжсан байдаг.
Нэгдүгээр хэлбэр-Жим хэлбэр (хос тууралттай хэлбэр гэж ойлгож болно).
Ихэвчлэн бугуйны дотор тал, алга, гарын салаагаар гарна. Зарим үед суга, тохой, хөлийн тавхай, хөлийн ар тал, өгзгөөр гардаг. Жим хэлбэрийн тууралт нь арьсны өнгөн хэсэгт эм хачигны ухсан хонгил юм. Зөвхөн хамууны үед гардаг. Хамууны хачиг болон өндгийг эндээс илрүүлэх боломжтой. Жим нь арьсны гадаргуугаас үл ялих өргөгдсөн, нарийн зурвас хэлбэртэй, цайвардуу өнгөтэй байна. Өргөн нь ойролцоогоор 0.4 мм (баримжаалбал хурууны хээний нэг зураастай тэнцэхүйц). Урт нь хачигны ухсан хугацаанаас хамаарах боловч ихэвчлэн 5мм орчим байдаг. Хачиг орсон хэсэгт өчүүхэн хайрснууд, харин нөгөө үзүүр нь үзэгдэх төдий цэврүү харагдаж болно. Хэрэв жимийн 2 үзүүрт хачиг орсон амсар, гарсан нүх тодорхой байвал тууралт хос хосоороо мэт харагдана. Жим хэлбэрийн тууралт бусад хэлбэрээсээ загатналт арай багатай. Хөгшин настай хүмүүст загатнаагүй байх нь ч бий.

Хоёрдугаар хэлбэр-Гүвдрүүт хэлбэр.
Энэ хэлбэрийн үед арьсны гадаргуугаас үл бага зэрэг өргөгдсөн улаан суурьтай гүвдрүүнүүд хэвлий, хүйсний эргэн тойрон, цээж, гуя, суга, бугалганы дотор талаар гарна. Маш их загатнаж, маажсанаас ором, шархлаа, тав их үүснэ. Орой, шөнийн цагт загатнаа нэмэгддэг. Загатнааны шалтгааныг хачигны баас, өндөгний хальс, үхсэн хачиг зэргээс үүдэлтэй халдвар авсны дараах 1-2 сарын шинж тэмдэггүй хугацаанд үүссэн харшлын урвал гэж үздэг. Гүвдрүүт хэлбэрийн үед хачгийг илрүүлэхэд хүндрэлтэй.
Гуравдугаар хэлбэр-Зангилаат хэлбэр. Улаан хүрэн өнгийн жижиг буурцагын хэмжээний зангилаа бэлэг эрхтэн, суга, өгзгөөр ихэвлэн гарна. Энэ хэлбэр нийт хамууны 7% эзэлдэг . Маш хүчтэй загатнаа үүсгэнэ. Загатналт эмчилгээний дараа хэдэн сараар ч үргэлжилж болдог.
Хамууны тууралт нүүр, толгойгоор бараг гардаггүй (Ховор тохиолдолд хүүхэд, хөгшдөд гарч болно). Тууралтын хэлбэр, байрлал гадна хамууны хүнд, хөнгөн, өвчтөний мэдрэг байдал, наснаас хамаарч өөр өөр байж болдог. 
Оношлогоо
Загатналтын байдал, тууралтыг харж оношлоно. Мөн хамуутай хүнтэй контакт байсан эсэх нь оношлогоонд чухал нөлөөтөй. Загатналт, тууралт нь хамууных мөн эсэхийг хэлэхэд тодорхой туршлага хэрэгтэй. Хэдийгээр та хамууны тууралтын талаар уншсан, эсвэл зургыг нь харсан байж болох ч таны тууралт үнэхээр хамуу мөн эсэхийг хэлэхэд энэ мэдээлэл хангалтгүй. Учир нь хамууг оношлоход хамуунаас гадна арьсны бүхий л өвчний талаар мэддэг байх шаардлагатай.  Тиймээс л эмчид үзүүлсэн нь дээр гэж зөвлөдөг. Тэр тусмаа арьсны эмчид. Хамууны үед цус, шээсэнд өөрчлөлт гардаггүй учир эдгээрийг шинжлэх шаардлагагүй. Харин хачгийг микроскопоор харж илрүүлэх шинжилгээ байдаг.  Хачгийг өөрийг нь эсвэл өндөг, баасыг нь илрүүлж чадвал онош 100% баталгаатай. Гэхдээ хамууны хачгийг олж, илрүүлэх амаргүй. Ердийн хамууны үед өвчтөнд дунджаар 10-15 эм хачиг байдаг. Америк, Японд хамуутай гэж оношлогдож байгаа хүмүүсийн 10-60% -д л хачгийг илрүүлж чаддаг гэсэн судалгаа бий. Харин манайд хачиг илрүүлэх шинжилгээ хийгддэггүй санагдана.


No comments:

Post a Comment

Их уншигдсан бичлэгүүд