Tuesday, May 31, 2011

Генийн инженерчлэл

Домогт гардаг хүн цээжтэй, морин бөгстэй центаврыг мэдэхгүй хүн байхгүй биз. Тэгвэл бодит амьдралд центавр төрөх боломжтой юу, хүнийг морьтой эвцэлдүүлбэл центавр гарах уу, хүн, морь хоёрын дундаас центавр биш, морин цээжтэй хүн бөгстэй амьтан төрвөл яана гэж бодож үзсэн үү?
Хүн морь 2-ын эрлийз гэж төрөх боломжгүй юм. Энэ үржилд байгалаасаа олон тооны  хориг саад тавигдсан байдаг. Харин генийн инженерчлэлээр бол өөр хэрэг. Энэ тухай товч өгүүлье. 


Ген бол бидний ямар дүр төрхтэй, аав ээжийнхээ хэнийг нь дуурайсан, яаж өсөж торних, ямар зан төрхтэй байж болох гээд бүхий л мэдээлийг  агуулах чадвартай ДНХ-ийн нэг хэсэг. Бидэнд 25,000 орчим ген бий. Инженерчлэл гэдэг нь ...  энд бол ялгана, таслана, нэгээс нөгөөд зөөнө, угсарна, нийлүүлнэ гэсэн утгатай.

Нэг амьтны генийг нөгөөд шилжүүлнэ гэдэг нь нэг амьтны шинжийг нөгөөд дамжуулж байгаатай адил хэрэг.  Ген дамжих үзэгдэл байгалд үргэлж явагдаж байдаг. Орчин, идэш тэжээл өөрчлөгдөхөд хамгийн сайн дасан зохицож чадсан амьтад нь амьд үлдэж, үрждэг.  Хамгийн хэрэгтэй генүүдийн цуглуулгатай нь амьд үлдэж, түүнийгээ үр удамдаа дамжүүлж байгаа хэрэг. Үүнийг байгалын шалгарал гэдэг. Байгалд хамгийн их таалагдсан генүүд ингэж шалгарч гарч ирдэг.

Хүн ч бас өөртөө таалагдсан генүүдийг шалгаруулдаг.Ургамлын сорт, амьтдын үүлдэр бол урт удаан хугацааны туршид явуулсан зориудын шалгаралын үр дүн юм. .  
Мөн санамсаргүйгээр таалагдаагүй генийг шалгаруулах нь ч бий.  Жишээ нь Японы эрэгт самурайн сүнстэй гэгдэх нэгэн зүйл хавч амьдардаг. Энэ хавчны тухай домог тэртээ 1185 онд Данноура-ын тулалдаанд ялагдсан 7 настай хаан Антоку болон түүний цэргүүдээс гаралтай. Антоку алагдаж, цэргүүд нь  далайд шидэгджээ. Үүнээс хойш загасчид далайчид нуруун дээрээ догшин самурайн дүр бүхий хавч барьдаг болжээ. Тэдгээр хавчыг Heikegani буюу самурай хавч гэж нэрлэдэг. Домогт өгүүлсэнээр ялагдсан самурайн сүнс далайн гүнээр хэсүүчлэн, хавч болон төрдөг гэх.
Шинжлэх ухаан талаас нь аваад үзвэл энэ самурай хавчны үүссэн шалтгаан нь ялагдсан самурайн сүнс биш,  харин загасчид юм. Олон зуун жилийн турш загасчид самурайн нүүртэй төстэй дүрс бүхий нуруутай хавч барьсан тохиолдолд буцааж шиддэг байж л дээ. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам жирийн хавчний тоо цөөрч, самурай хавч хавч үржиж олшрон,өдгөө тэр хавийн хавчнууд бүгд нуруун дээрээ самурайн дүрстэй болсон байна.

Ген эцэг эхээс үр удамд дамжих үзэгдэл бол байгалын зүй ёсны үзэгдэл. Гэтэл байгалын жамаар генийг дамжуулах боломжгүй тохиолдол олон бий. Жишээ нь жаран хөлтийг тахиатай эрлийзжүүлэн 60 гуятай тахиа гаргавал хичнээн ашигтай болох билээ. Гэтэл байгал дээр нэг зүйл амьтан нөгөөтэй үржиж, эрлийзжих буюу ген солилцох боломж туйлын хязгаартай. Өөр хоорондоо эрс ялгаатай амьтад, ургамал эрлийзжин үржих боломж огт байдаггүй. Энэ хязгаарыг генийн инженерчлэлийн тусламжтайгаар давж гарч болно. 
Генийн буюу генетик  инженерчлэл (genetic engineering) нь нэг биес нөгөөд генийг шилжүүлэн суулгахад шаардагддаг иж бүрдэл арга технологи юм. Генийн инженерчлэлээр гарган авсан амьтан, ургамлыг нийтэд нь “хувиргасан амьд организм” (genetically modified organism) гэж нэрлэдэг. Илүү нарийвчилбал, шинээр ген нэмж суулгасан амьтныг трансгенийн буюу ген шилжүүлэн суулгасан (transgenic) амьтан, хэрэв угаас байсан өөрийн генийг нь авч хаясан, сольж өөрчилсөн бол нокаут (knockout) буюу "генээ  нам цохиулсан амьтан" гэж нэрлэх жишээтэй.


Генийн инженерчлэлээр олон тооны эм бэлдмэл, өндөр үржил шимтэй амьтан ургамал, хүнсний бүтээгдхүүн гарган авч ашиглаж байгаа жишээнүүд биотехнологитой холбоотой өмнөх бичлэгүүдэд олонтаа дурдагдсан тул дахин нурших илүүц биз. 

Хэдий генийн инженерчлэлийн технологийн асуудал үндсэндээ шийдэгдсэн ч,  түүнийг хэрэглэхэд ихээхэн болгоомжтой хандаж байна. Учир нь бид өөрчилж байгаа ДНХ-гээ бүрэн судалж, ойлгож амжаагүй байна. Жишээ нь хүний ДНХ-ийн ердөө 1.5% нь ямар нэгэн ген бол, үлдсэн 98.5% нь ямар үүрэгтэй, юу хийдэг болохыг бид мэдэхгүй. Тиймээс генийг өөрчлөх, нэмэх, хасах тохиолдолд бусад генд ямар өөрчлөлт орох, ингэж гаргаж авсан хүнс аюултай эсэх, хувиргасан амьд организмууд байгалд алдагдах, үржиж олширох тохиолдолд ямар хор уршигтай болох зэргийг таамаглах аргагүй байгаа нь болгоомжлол төрүүлж байгаа гол шалтаан юм.

Генийн инженерчлэл бол биотехнологийн хамгийн хүчирхэг арга. Амьтдыг эрлийзжүүлэн эрлийз ДНХ бүтээх уламжлалт аргаар бус,  шууд ДНХ-г өөрчлөн хувиргах замаар эрлийз амьтан бүтээх боломж олгодгоороо энэ технологи давуу юм. Бүх амьд биет ДНХ агуулдаг тул бүгдийг өөрчлөн хувиргах боломжтой мэт санагдана.

5 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Эм гахайн үр тогтсон өндгөн эсийн бөөмийг аваад оронд нь нохойн үр тогтсон өндгөн эсийн бөөмийг хийвэл гөлөг төрөх үү?

    ReplyDelete
    Replies
    1. Мэгжний үр тогтсон өндгөн эсийн бөөмийг аваад оронд нь нохойн үр тогтсон өндгөн эсийн бөөмийг хийвэл мэгжнээс гөлөг төрөх үү?

      Delete
  3. Мэгжний үр тогтсон өндгөн эсийн бөөмийг аваад оронд нь нохойн үр тогтсон өндгөн эсийн бөөмийг хийвэл мэгжнээс гөлөг төрөх үү?

    ReplyDelete
    Replies
    1. Энэ комментийг устгаад өгөөч.

      Delete

Их уншигдсан бичлэгүүд