Saturday, July 25, 2020

Хүүхдийг хэрхэн магтаж урамшуулах вэ буюу Яагаад онц сурлагатанууд амьдралд С дүнтэйчүүдээс хоцордог вэ?

Магтаал урамшуулал хүн бүрт хэрэгтэй. Гэхдээ хэрхэн магтах вэ? гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Колумбын их сургуулийн профессор Carol Dweck, Claudia Mueller нар 5 дугаар ангийн сурагчдыг ялгаатайгаар магтан урамшуулахад ямар үр дүн гарч байгааг судалсан байдаг. Сурагчдад гурван багц бодлого  өгч бодуулжээ. Багц бүр дотроо 10 бодлоготой.  Эхний багц буюу эхний 10 бодлогыг бодож дууссаны дараа судлаачид сурагчдын талыг нь "Чи үнэхээр ухаантай юм" гэж (оюуны чадварыг нь) магтсан бол нөгөө хэсгийг нь "Чи үнэхээр чармайлт гаргажээ" гэж (оролдлого, зүтгэлийг нь) магтсан байна. 
Ингээд дараагийн багц 10 бодлогыг зориуд маш хүнд бодлого сонгож өгөхөд ихэнх сурагчид нэгийг ч зөв хийж чадсангүй. Сүүлд нь хүнд хөнгөний зэргээрээ эхний багцтай ижил түвшний гурав дахь багц 10 бодлогыг өгч гүйцэтгэлд нь ямар ялгаа гарахыг ажигласан байдаг. Судлаачид "Чи үнэхээр ухаантай юм" гэж оюуны чадварыг нь магтсан сурагчид сүүлийн багц даалгаврыг эхнийхтэй харьцуулахад 25%-р муу хийсэн байгааг илрүүлсэн байна. Эдгээр сурагчдын гүйцэтгэл буурсан шалтгаан нь хүнд даалгаврыг гүйцэтгэх үедээ эдгээр сурагчид бодож чадахгүй байгаа шалтгаанаа өөрсдийн оюуны чадвар нь хүрэхгүй байна гэж дүгнэдэгтэй холбоотой юм. Тиймээс бодлогоос амархан халширч бууж өгдөг. 
Харин "Чи үнэхээр чармайлт гаргажээ" гэж оролдлого зүтгэлийг нь магтсан сурагчдийн гүйцэтгэл 25%-р нэмэгдсэн байна. Хүнд бодлоготой тулгарахдаа өөрсдийгөө хангалттай сайн хүчин чармайлт гаргахгүй байгаагаас бодож чадахгүй байна гэж улам бүр оролдож, хичээдэг болохыг үр дүн гэж судлаачид тайлбарлажээ. 

Энэ нийтлэлийг уншиж байгаа бол та хүүхэд байхдаа ухаантай хүүхэд байсан гэж бодож байна. Ухаантай хүүхдүүд өөрийн үнэлэмжээ хүрсэн амжилтаараа хэмжиж байдаг. Амжилтын судалгаа чиглэлээрээ алдаршсан сэтгэл судлаач Heidi Grant Halvorson "Дунджаас дээгүүр авьяас чадвартай сурагчид өөрсдийн чадварыг үнэлэхдээ хатуу, өндөр шалгууртай байх төдийгүй, бусдаас үндсээрээ огт өөр хэлбэрээр үнэлдэг болохыг тогтоосон байдаг. Ухаалаг, авьяастай сурагчид хүнд бэрх асуудалтай тулгарахад бусдаасаа илүү эмзэг, өөртөө итгэх итгэл султай болж хувирдаг байна. Учир нь багаасаа магтуулсан үгс нь тэднийг өөрсдийнх нь авьяас чадвар, оюун ухаан нь төрөлхийн, өөрчлөгдөшгүй, заяамал гэсэн ойлголт өгдөг.  Тиймээс аливаа хүндрэл бэрхшээлтэй тулгарах үедээ өөрийн чадварт эргэлзэх, урам хугарах нь илүү байдаг. Хүүхдийг магтахдаа хичээл зүтгэл, оролдлого, тууштай байдлыг нь магтвал авьяас чадвар нь улам бүр хөгжиж, нэмэгдэж, өөрчлөгдөж болдог зүйл гэсэн ойлголт далд ухамсарт нь шингэдэг. 

Охидууд багадаа хөвгүүдтэй харьцуулахад анхаарал төвлөрөлт сайн, суух чадвар илүү байдаг тул сурлагын амжилт өндөр байж А үнэлгээ авах нь илүү байдаг. Тиймээс ийм А сурлагатай хүүхдүүд үргэлж "ухаантай, сайн" гэж магтуулдаг тул хүнд хэцүү шалгуур тулгармагц хамгийн түрүүнд бууж өгдөг болохыг тогтоосон байдаг. Хүүхдийг авьяас чадвар, амжилт, бусдаас давуу аливаа чанарыг нь төрөлхийн онцлог мэт ойлгуулж ойлгуулж магтаж урамшуулах нь хүнд хэцүү асуудалтай тулгарах үед өөрийгөө голох, давж чадахгүй байгаагаа өөрчлөгдөх боломжгүй мэтээр ойлгох хандлагатай болгож хялбархан бууж өгдөг хүнийг төлөвшүүлдэг болохыг анхаараарай.

1 comment:

  1. Загатнасан газар маажив гэгч боллоо. Баярлалаа багш аа.

    Жич: Таныг энд дагадаг байсан болоод танил санагдаад байсан юм байна лээ.

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд