Thursday, December 6, 2007

Жоомний тухай


Нийтдээ гурван мянга орчим зүйлийн жоом байдгаас цөөхөн хэд нь хүнтэй ойр амьдардаг. Энэхүү гэрийн жоомнуудаас хамгийн өргөн тархсан 3 зүйл нь нэгд америк жоом, хоёрт герман жоом, гуравт дорнийн жоом юм.

Бид герман буюу шар жоомыг сайн мэднэ. Шар жоом нь нөгөө 2 зүйлээсээ биеэр жижиг, хүйтэн сэрүүн цаг ууртай орнуудад  байдаг. Харин биеэр том нөгөө хоёр жоом нь халуун дулаан уур амьсгалтай орнуудад байдаг нь бидний аз гэлтэй.
Монголд америк болон дорнийн жоом хоол хүнс, ачаа тээврийн зүйлстэй хамт орж ирсэн тохиолдлууд дуулддаг. Гэхдээ цаг уурын шалтгаанаас болоод сууршин амьдарч чаддаггүй байх.

Жоом үнэхээр тэсвэртэй шавьж. Үргэлж ад үзэгдэж байдаг хэдий ч энэ амьтан одоог хүртэл оршин байгаагын нууц нь тэсвэр,  үржих чадвар, шөнийн амьдралтайд нь байдаг. Жоом   юуг бол юуг идэж чаддаг. Хоолний үлдэгдэл, хүний нус, шүлс, цэр, үхсэн нэгнийхээ үлдэглээр хооллодог. Зөвхөн номын хавтасны болон шуудангийн маркны цавуу идээд олон хоног амьд байж чадна. Шүдний оо, цавуу, гар нүүрийн саван ч хоол болно. Ерөөсөө жоом өлсөж үхнэ гэж бараг үгүй. Дээрээс нь жоом хурдан. Секундэд 80 см хүртэл хурдална. Цохиж амжаагүй байхад л алга болчихдог шүү дээ. Агааргүй (усан дотор) 45 минут байж чаддаг юм гэсэн. Би туршиж үзээгүй. Харин гялгар уутанд хийгээд нүүрсхүчлийн хийгээр агааргүй орчин бүрдүүлэхэд ухаан алдаж унах боловч, уутнаас нь гаргаад 2-5 мин болоход том, багагүй бүгд сэргээд юу ч болоогүй юм шиг гүйгээд явчихдаг юм билээ.

Жоомны тэсвэрийг шалгасан судалгаанууд их байдаг. Жишээ нь  дэлхий дээр цөмийн дайн болбол жоом амьд үлдэж чадна гэдгийг эрдэмтэд тогтоож. Учир нь жоом хүний тэсвэрлэж чадах цацрагын тунгаас 112 дахин өндөр цацрагийн нөлөөлийг тэсч чаддаг болохыг АНУ-ын Виржиниагийн их сургуулийн судлаачид тооцоолжээ.

Жоом шөнийн амьдралтай, гэрэлд бараг гардаггүйг бид бүгдээрээ мэднэ. Харин олон тоогоор үржсэн үед бага насны зулзаганууд өдөр шөнийг ялгахгүй гүйж явах нь бий.  Багачууд гүйж явна гэдэг идэвхтэй үржиж байгаагийн шинж. Ил гүйж яваа нэг нөхрийн цаана цаана бүхэл бүтэн арми байгааг мартаж болохгүй.

Ихэнх шавьжнууд бие биеээ үнэрээр нь олдог, замаа тэмдэглэдэг. Жоом ч ялгаагүй, ялгаруулсан феромон, гаргасан ялгадас зэргээр нь бусдыгаа хаана байгааг, хаашаа явсныг төвөггүй мэднэ.

Жоомыг устгахад бэрх байдгийн бас нэг шалтгаан нь үржиж чадвар сайтай байдал. Хоол тэжээл хангалттай үед жоом геометр прогрессоор өснө. Өндөгнөөс бие гүйцэх нь 100 хоног орчим, дундаж наслалт нь нэг жил байдаг. Нэг эм жоом амьдралдаа 300-400 үр төл гаргана, тэд ч бас цааш үржинэ гм.


Жоомны гол аюул нь халдвар тараах. Нэг жоом 40 гаруй төрлийн нян, вирус, янз бүрийн шимэгчийн өндөг агуулдаг гэсэн судалгаа хүртэл бий. Тэдгээрээс нэлээд хэд нь хүнд халдварлаж өвчин үүсгэдэг. Жишээ нь халдварт шар, цусан суулга, зарим шимэгч хорхой зэрэг, гм. Жоом нь хоол хүнсний бүтээгдхүүнийг өөрийн ялгадасаар, бас биедээ наасан зүйлсээр бохирдуулдаг. 

Мөн жоом бол харшил үүсгэгч. Жоомний ялгадас болон үхсэн жоомний биеийн хэсгүүд бутарч жижгэрэн агаарт дэгдэж амьсгалаар орж харшил үүсгэдэг. Шууд жоомноос болж астматай болох нь ч юу юм. Гэхдээ нэгэнт астматай болсон хүний өвчнийг сэдрээж чадна. Гуурсан хоолойн багтраатай хүмүүсийн 40% нь жоомны харшилтай байна гэсэн судалгаа байна.

Ямар ч өвчин эмгэг тараахгүй байсан ч жоомтой байхыг хэн ч хүсэхгүй нь ойлгомтжой. Хэсэг нөхдүүд хамаг хоол хүнс, аяга таваг юмыг чинь бузарлаж байгаа гэж бодохоор нойр хүрэхгүй байх нь аргагүй. Заримдаа гал тогоондоо шөнө орохоос ч аймаар байж болно. Том жоом бол үнэхээр цочмоор. Ялангуяа Хятад, Солонгос, Япон, халуун дулаан орнуудад байдаг нөгөө хоёр том нь. Зарим хүмүүс хараад жоом гэж ерөөсөө толгойд нь ордоггүй, юун том амьтан бэ л гэж бодоод өнгөрмөөр.

Мэдээж жоомыг устгах шаардлагатай. Үүний  тулд нэлээд хүч хөдөлмөр зарцуулах хэрэгтэй. Тактиктай, бодлоготой, тууштай байх хэрэгтэй. Хал үзэж халуун чулуу долоосон амьтан учир заримдаа тийм ч амар алга болчихгүй. Тоог нь багасгах нь арай хялбар, харин бүр нам дарж устаж авна гэдэг амаргүй.

Ямартай ч дараах гурван тактикаар ажиллаад үз.

1.Гэрт жоом нэвтэрч орохоос хамгаалах
Булан тохойд байгаа нүх сүв, ан цавыг сайтар бөглөх, цахилгааны утас, сантехникийн хоолойн хажуугийн зайг чигжих, гэртээ юм худалдан авах, эд хогшил зөөж авчрахдаа шалгаж байх хэрэгтэй.

2.Нэгэнт байгаа жоомны үржих, амьдрах нөхцлийг устгах – Шар жоом ямар ч хоол, усгүйгээр 2 долоо хоног л тэснэ. Харин ус байвал 42 хоног амьдардаг. Тиймээс хоол хүнсний зүйлээ найдвартай битүү хадгалах, цэвэрлэх, хогийн саваа орой бүр суллаж цэвэрхэн байлга, хоолоо идсэний дараа шууд аяга тавгаа цэвэрлэх, гал тогооны хэрэгсэл цахилгаан зуух, сав суулгаа цэвэр байлгах, хоол хүнсний зүйлсээ битүү саванд хадгалах, хөргөгч хөлдөөгчий орчмын усыг арчих хатаах, ус шүүрсэн хоолой байвал битүүлэх, хэрэггүй хайрцаг сав, тоглоом, ном зэргийг гаргах зэрэг арга хэмжээг сэтгэл гарган хийх хэрэгтэй. 

3. Жоомны эсрэг бэлдмэл хэрэглэх
Хортой өгөөш, үржлийг зогсоодог нэгдлүүд, наалдуулагч урхи, цацдаг хор зэрэг олон төрлийн  бодис бий. Хэд хэдийг хавсарч хэрэглэвэл бүр сайн. Үр дүн нь тухайн бодисын чанар, мөн таны хэр зөв хэрэглэж байгаагаас хамаарах учир зааврыг сайтар дага.


Эцэст нь хувийн зөвлөгөө байна.

Зарим хүмүүс жоомыг цохиж албал илүү олон болдог, өндөг нь тараад тэрнээсээ их үрждэг” энэ тэр гэдэг. Тэр худлаа. Цохихлоор жоом няцраад өндөг нь тарах л байх, ийш тийш юм үсрэх л байх. Дараа нь арчаад цэвэрлэчихгүй юу. Жоомыг мөнгөний хорхой гээд зориуд үржүүлээд, эцэст нь шар авч шарлаад “алт” болдог тухай шүлэг ч билүү, өгүүллэг ч билүү уншиж байсан санагдана. Алахгүй бол тиймэрхүү л юм болно.
Шөнө харанхуйд шүүр, хутгуураа барьж бэлдээд, гэрлээ гэнэт асааж дайрах л хамгийн үр дүнтэй. Хор зангыг тойрдог, үхдэггүй томчууд, хашруудыг ингэж л барьж авахаас өөр арга байхгүй.

4 comments:

  1. Яаа жоом ч болиар шүү, Японы жоом гэж шижгийн том, эрхий хуруу шиг, тэгээд хурдан гүйхий нь яана. модон шалан дээр гүйхээр тог тог гээд дугардаг гэсэн, би тэрий нь арай л сонсоогүй, бас болоогүй нисдэг гэсэн. Нэг япон хүн монголд байсан жоом харчаад хөөрхөн жоом байна гэсэн кэкэкэ, японд байдгаас ч арай дээр нь дээр ээ

    ReplyDelete
  2. би бүүр унтажжадөү нээ нофш маргааш гртэ их тсэврэлгээ хийхээс

    ReplyDelete
  3. ха ха ха жоомтой байхын зовлонг мэдэрсэн л хүн байна даа...үнээн үнэн яг тэгдийн ха ха ха энэ балиар амьтнаас бүр мөсөн салмаар байхын...

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд