Friday, July 29, 2011

Хамууны эмчилгээ

Түрхэж хэрэглэх бэлдмэлүүд
 Хэрэглэх ерөнхий заавар 
  • Эхлээд усанд орж биеэ сайн угаа
  • Хумсаа тултал ав.
  • Усанд орсны дараа биеэ сайн хатаа.
  • Хүнээр түрхүүлэх тохиолдолд бээлий өмсгө.
  • Хүзүүнээс хөл, гарын хурууны үзүүр хүртэлх бүх хэсэгт түрх.
  • Тууралтгүй хэсгүүдээр ч мөн адил сайтар түрх
  • Жигд түрх, ялангуяа арьсны нугалаа, цавь салтаа, хурууны салаагаар сайн түрх.
  • Хөл гарын хумсны завсарт сойз хэрэглэн  түрх
  • Нүүр, толгойн үстэй хэсэгт бүү түрх.
  • Нүд, ам, хамарт бүү хүргэ, хүргэсэн тохиолдолд даруй угаа.
  • Ил том шарх, идээлсэн хэсэгт бүү түрх
  • Түрхсэний дараа цэвэр, ариутгасан хувцас, хэрэглэл хэрэглэ.
  • Гараа угаасан, тосоо арчсан, арилгасан тохиолдолд тэр хэсэгт дахин түрх.
  • Түрхсэний дараа тодорхой хугацаанд усанд бүү ор (эмүүдийн зааврыг хар).
Усанд орсны дараа арьс халуун байх үед бүү түрхвэл эмийн бэлдмэл арьсанд их хэмжээгээр шингэх аюултай тул, биеэ гүйцэд хатааж, арьсны температур буурсны дараа түрхэнэ гэдгийг анхаарна уу.

Хамууны үед өргөн хэрэглэгддэг эмүүдийг товч орууллаа. Хэрэглэх заавар, тун, хугацаа улс орон бүрт харилцан адилгүй, мөн хамууны хүнд, хөнгөн, өвчтний нас, биеийн байдлаас шалтгаалан өөр өөр боловч хамгийн түгээмэл хэрэглэдэг зааврыг оруулахыг хичээсэн болно. Эмийн бодисын нэрийг эхэнд нь, хаалтанд латин нэрийг бичив. Үйлдвэрлэгч компаны брэнд нэрийг давхар дурдлаа. Эмүүдийг эмчилгээний үр дүн буурах дарааллаар жагсаав. Хүхэртэй тос, бензилбензоат-с бусад эмүүд нь Монголд борлуулагддаг эсэхийг мэдэхгүй.

1. Гамма-Бензен-гексахлорид 0.5 -1% (γ- Benzene hexachloride, товчилбол γ-BHC). Үр дүн: >95%
Линдан (Lindane), Квел (Kwell) нэрээр худалдаалагддаг.
Түрхэж хэрэглэдэг бэлдмэлүүдийн дотроос эмчилгээний үр дүн хамгийн өндөр . Вазелин суурьтай түрхлэг. Түрхсэнээс хойш 6 цагийн дараа усанд орно. Ам, нүдэндээ хүргэхээс болгоомжил. 1-2 удаа түрхэнэ. Ихэвчлэн нэг удаагийн тун хангалттай. Хэрэв 2 дах удаагаа түрхэх шаардлагатай гэж үзвэл эхний тунгаас 7 хоногийн зайтай хэрэглэнэ. Насанд хүрэгчдэд нэг удаад 20 граммаас илүүг түрхэхгүй. 10  наснаас доош хүүхдэд, жирэмсэн эмэгтэйд хэрэглэхгүй. Хөхний сүүгээр ялгарах тул хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй. Мөн хэт туранхай хүнд хэрэглэхгүй.  Зарим улсад энэ эмийг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг гэдгийг анхаарна уу.

2. Перметрин 5% (Permethrin). Үр дүн: >90%
Elimite, Acticin нэрээр борлуулагддаг. 1-2 удаа түрхэнэ. Ихэвчлэн нэг удаагийн тун хангалттай.  Хэрэв 2 дах удаа түрхэх бол эхний түрхэлтээс хойш 5-7 хоногийн дараа хэрэглэнэ.

3. Кротамитон 10% (Crotamiton). Үр дүн:  50% - 70%.
Юракс (Eurax) нэрээр борлуулагддаг.
Хэрэглэх арга А: 2-3 өдөр дараалан түрхээд усанд орно.
Хэрэглэх арга Б: Эсвэл 10-14 хоног хүртэл хугацаагаар түрхэж болдог.Түрхсэнээс хойш 24 , эсвэл 48 цагийн дараа усанд орно. Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэж болох ч эмчийн зөвлөгөө авч түрхэх талбай, хугацааг тодруулах хэрэгтэй.

4. Хүхэртэй тос 5-10% (Sulfur ointment). Үр дүн: ~ 65%
Хэрэглэх арга А:  Нийт 5 хоног өдөр бүр түрхэнэ, түрхсэнээс хойш 24 орчим цагийн дараа усанд орно.  Усанд орсны дараа дахин түрхэнэ гм. 
Хэрэглэх арга Б: 3 өдөр дараалан түрхэнэ. Өдөр бүр нэмж түрхээд, 4 дэх өдөр нь усанд орно. Гаж нөлөө багатай хэдий ч 2 сараас бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хэрэглэхгүй.

5. Бензилбензоат 6–35% (Benzyl benzoate). Үр дүн: ~ 50%
Тосон юмуу шингэн түрхлэг, мөн шүршиж хэрэглэхэд зориулсан байдлаар бэлтгэгдсэн байдаг. Насанд хүрэгчдэд 25%  , хүүхдэд 10% түрхлэгийг ихэвчлэн хэрэглэдэг.
Хэрэглэх арга А:  Түрхээд 24 цагийн дараа усанд орно. Эмчилгээг 4-5 хоногийн дараа давтана.
Хэрэглэх арга Б: 2-3 хоног дараалан түрхээд, усанд орж  эмчилгээг 4-5 хоног зогсоосны дараа дахин нэг удаа түрхэнэ.  Энэ бэлдмэл арьсыг хүчтэй цочроодог, нүдэнд хүрвэл үрэвсэл үүсгэдэг, гаж нөлөө ихтэй тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хүүхэд,  жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй. Хөхүүл эхчүүд хөхөөр хооллохоо зогсоож байж хэрэглэнэ.

Ууж хэрэглэх эм
Ивермектин 3 мг, 6 мг шахмал (Ivermectin). Үр дүн: ~ 90-95%
Бүх төрлийн шимэгчийн (шимэгч болон туузан хорхой, хачиг, бөөс, хамуу гэх мэт) эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй, өндөр үр дүнтэй бэлдмэл. АНУ-д Стромектол (Stromectol) , Европд Ивомек (Ivomec), Канадад Мектизан (Mectizan) зэрэг нэрээр борлуулагддаг.
Нэг удаа ууж хэрэглэнэ. Хоолны өмнө усаар даруулж ууна. Биеийн жингийн 15кг жинд 3 мг шахмалаас 1ш ууна.  (Тунг биеийн жингийн кг тутамд 200 μг байхаар тооцно). Жишээ нь 60кг жинтэй хүн 3 мг шахмалаас 4 ш, 75кг бол 5ш гм. Шаардлагатай гэж үзвэл 2 дах тунг 7-14 хоногийн дараа дахин ууж болно. Ууж хэрэглэж байгаа тул хумсний завсарт байгаа хачигт нөлөөлөхгүй. Тиймээс бусад түрхдэг бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэж болдог. Уусны дараах хэд хоногт тууралт, загатнаа нэмэгдэж болзошгүй.

Эмчилгээний үр дүнг үнэлэх
Эмчилгээний дараа загатналт арилахгүй, богино хугацаанд улам нэмэгдэж ч болно. Учир нь  хамууны хачиг үхсэн ч харшил төрүүлэх чанар нь хэвээр байна. Мөн зарим эмүүд арьсыг цочроох, загатналтыг нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Тиймээс загатналт хэвээр байгаа бол эмчилгээ үр дүнгүй байна гэж ойлгож болохгүй. Загатналтыг харшлын эсрэг эмүүдээр багасгаж  болно.
Эмчилгээний дараа 7-14 хоног шинэ тууралт гарахгүй, загатналт арилсан эсвэл багасч, арьсний тууралтууд эдгэрч байгаа бол эмчилгээ үр дүнтэй болсон гэж үзэж болно. Хэрвээ хамууны шинж тэмдэгүүд 14 хоногоос илүү хугацаагаар  байсаар байвал эмчилгээ үр дүнгүй болсон гэж үзэж болно.

Эмчилгээн үр дүнгүй болох шалтгаанууд нь
  • Тос, бэлдмэлийг дутуу, буруу түрхсэн
  • Гэр бүлийн гишүүн, ойр дотны халдвартай хүнийг илрүүлж чадаагүй
  • Халдвартай гишүүдийн эмчилгээг зэрэг хийгээгүй
  • Тууралт нь халдвар авч идээлсэн, тав тогтсоны улмаас эм хүрч үйлчилж чадаагүй
  • Ахуйн ариутгал цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгээгүй, эсвэл дутуу хийсэн
  • Хамуутай хүнтэй дахин контактласан
  • Эмэнд дасалтай хамуугаар халдварлсан зэрэг болно. 
Хамуу гэр бүлийн гишүүдэд халдварлах өндөр магадлалтай тул сайтар урьчилан сэргийлэх, шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчлүүлэх хэрэгтэй. Дараачийн бичлэгт дахин халдвар  авахаас урьдчилан сэргийлэлт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар оруулах болно.


3 comments:

  1. sn bnuu?tani emneleg hna we ochij uzuuleh gesn.haygaa uguuch.asuuh asuult bna.ta zaawal hariu uguurei.bi turuud 2 jil bolj bgaa.tursnuus sariin daraa bie haaya 1 zagatnaad ulaan yum garaad alga bolood sorwi uldeed bsn gehdee aihtar zagatnahguiee.ue ue tegj zagatnd lyum gard alga bolood bsn.2 jil bolohod tsuuhun udaa l tegj bsan tegeed bi yadraad noirgui hond tegj bgaa yum bolowuu gej bodood toohgui bsan.gedes hawiar suga hawiar l garsn yuma.hamgiin gol ni sorwi ni ih muuhai bolohr say 4 sard arisni tuwd uzuulsn chin hamuu gdg bgaa bur shokond orood gaihd bsn.emch yum chin yu gej hudlaa heleh we gej bodood l benzol benzat tosg turhsn.tuhain ued uzuulhed yu ch garaagui zugeer sorwi bsan yum.tegsn hamuuni soriw bn gesn.bi nuhur huuhdiin hamt 3 laa oron suusand amidardg.turuhduu l emnelgs awsn yum bailguidee.tegeed tos turhsens hoish 2 sariin daraa buyu say 5 sariin suulr genet huzuugeer zagatnd duuren ulaan yum garaad 7 honog tiim bsan argaa baraad tarag turhsn chin hataad zugeer bolsn.bas l buun soriwtoi bolsn.tegsn tseej hesgeer zagatnd bhaar ni nuguu hamuu ni yum bolowuu gej bodood benzol benzatg ni awch turheed tegsn er zugeer boldogguiee.ene yag hamuu munuu? huuhed maani huhuu huhdug.odoo yah we?tuslaach .tanid uzuulmr bna.

    ReplyDelete
  2. hohuul hun tgd uy hergleh we ?

    ReplyDelete
  3. 4 настай хүүхэд юу хэрэглэх вэ

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд