Tuesday, June 12, 2012

Impact factor ба Судлаач

Судлаач хүнийг үнэлдэг үндсэн 2 шалгуур байдаг. Үүнд:

1. Хэвлүүлсэн судалгааны өгүүллийн тоо
2. Өгүүллүүд нь ямар сэтгүүлд хэвлэгдсэн болох
Шинжлэх ухааны  сэтгүүлүүдийн чансааг Impact Factor (IF) хэмээх үзүүлэлтээр тодорхойлдог.  Хэдийгээр  энэ үзүүлэлтийн үндсэн зорилго нь эрдэм шинжилгээний сэтгүүлийг үнэлэхэд зориулагдсан боловч тэрхүү сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлж буй судлаачийн ажлын үнэлгээг давхар агуулж байдаг. Анх сэтгүүлийн эрэлтийг үнэлж, захиалга хийхэд ашиглаж эхэлсэн энэ үзүүлэлтийг Thomson Reuters-ийн Institute for Scientific Information (ISI) -аас Journal Citation Report (JCR) -д бүртгэлтэй сэтгүүлүүдэд жил бүр тооцоолж гаргадаг уламжлал тогтжээ.
JCR Science Edition 2010
Эхний 16 сэтгүүл
IF-г тухайн сэтгүүлийн өгүүллүүд хэвлэгдсэнээсээ хойш 2 жилийн хугацаанд хэр олон иш татагдсан бэ гэдгийг үндэслэн  тооцдог. Жишээ нь 2010 онд IF=3.0 байсан гэвэл  тэр сэтгүүлийн 2008, 2009 оны дугаарт хэвлэгдсэн өгүүллүүд 2010 онд дунджаар 3 удаа иш татагдсан гэсэн үг.

2010 оны Impact Factor нь 2010 он дуусаж байж боддогддог тул 2011 онд гардаг. Тиймээс IF-ыг бодоход сүүлийн 3 жилийн хугацаа шаардлагатай.

IF-г бодоходоо жинхэнэ судалгааны өгүүлэл, тойм өгүүлэл (original article, review article) -г ялгадаггүй тул дан review нийтлэдэг сэтгүүлүүд IF өндөртэй байдаг. Учир нь review article  их уншигддаг, иш татагдах нь олон байдаг. Мөн судалгааны чиглэл IF-т их нөлөөтэй. Жишээ нь биохими, молекул биологийн чиглэлээр хийгдсэн ажлууд эм зүйн чиглэлийн өгүүллүүдээс 5 дахин их иш татагддаг гэсэн тооцоо бий. 

Өндөр чансаатай сэтгүүлд өгүүллээ хэвлүүлнэ гэдэг нь тухайн судлаачаар тогтохгүй сургууль, судалгааны байгууллагын, бүр цаашилбал улс орны хөгжлийг илтгэх том үзүүлэлт болдог.  
Тиймээс л Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг улсуудад өндөр IF-тай сэтгүүлд судалгааны өгүүлэл нийтлүүлсэн судлаачдыг мөнгөн шагналаар урамшуулдаг байх . Жишээ нь  Guangzhou Medical University IF нь 15 буюу түүнээс дээш сэтгүүлд өгүүлэл хэвлүүлбэл 300,000 RMB (47.000USD)  олгодог байна.  Пакистанд өгүүллүүдийнх нь IF-ын нийлбэрээс хамаараад 1.000-20.000 USD –р урамшуулдаг байна.

ЭМШУИС ч мөн хамгийн өндөр IF-тай сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн багшийг урамшуулж байлаа. Мөнгөн шагналаас гадна эрдмийн цол нэмэх, албан тушаал дэвших, судалгааны ажлын санхүүжилт авах зэрэг урамшууллын тогтолцоо түгээмэл. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, судалгаа хийж байгаа эрдэмтдийн мөрөөдөл нь Nature, Science, Cell зэрэг нэр хүндтэй сэтгүүлд судалгаагаа хэвлүүлэх, эдгээр сэтгүүлийн хуудаснаас өөрийн нэрийг олж харах хүсэл байдаг. Өнөөдөр олон монгол судлаачид эдгээр сэтгүүлүүдэд өгүүллээ хэвлүүлж байгаа нь бахархалтай.

Зөвхөн IF-г харгалзан судлаачийг дүгнэх нь өрөөсгөл юм. Хэрэв илүү бодитой үнэлье гэвэл бусад тоон үзүүлэлтүүд, жишээ нь нийт хэвлүүлсэн өгүүллийн тоо, өгүүллүүдийнх нь иш татагдсан тоо,  h-индекс зэрэг харгалзах хэрэгтэй болов уу. Мөн тоогоор үл хэмжигдэх хувь хүний сайн, муу чанаруудыг ч орхиж болохгүй. 

Нобелийн шагналт эрдэмтэн Sidney Brenner нэгэнтээ хэлсэн байдаг: "What matters absolutely is the scientific content of a paper, and nothing will substitute for either knowing or reading it".

Эцэст уншигч таны судалгааны ажилд амжилт хүсье. Таны өгүүлэл олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдэх болтугай.

9 comments:

  1. Сайхан бичиж...

    ReplyDelete
  2. Дээрхи сэтгүүлд яаж өгүүллээ өгөх вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Яанаа ингэж асууж байгаа бол тун ч хол байна даа. Ямар сонинд "Зар Мэдээ"-нд зар нийтлүүлэх гэж байгаа биш дээ. Тэрэнд чинь ингэж асуудаг нь байтугай бүгдийг нь мэддэг, салбарын том судлаачид ч хэвлүүлэх гэж мөрөөдөөд бардаггүй юм шүү дээ. Бараг л нээлт хийсэн тохиолдолд л ажил чинь хэвлэгдэх магадлалтай, гэхдээ тэрийгээ маш үндэслэлтэй, ойлгомжтой, шинэлэг арга ашиглаж хийсэн, урьд өмнө нь хэний ч бодоогүй, хийгээгүй, чадаагүй юмыг хийж чадсан, маш олон судалгааны материал харьцуулж уншиж, дүн шинжилгээ хийж, сэтгүүлийн дүрэм, зааврыг нь ягштал мөрдсөн, статистик анализын байж болох хамгийн тохирох анализын бүрэн зөв хийсэн, төгс англи хэлээр бичигдсэн бүтээл л хэвлэгдэнэ гэж ойлгодоо. Ийм 20-30р хэмжигдэх импакт фактортой сэтгүүлд байтугай жирийн нэг бага (0.1-2) импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлэхэд хэчнээн жилийн хөдөлмөр болж, бичсэн ажилдаа тухайн салбарын шилдэг гэж үнэлэгдэх 3 хүртэлх судлаачдаас шүүмж авч, түүний дагуу дахин эхнээс нь бүгдийг нь ягштал дагаж мөрдөж засаж гүйцэтгээд илгээснээр л дор хаяж 2-3 жилийн нөр их ажлын үр дүнд хэвлэгдэнэ шүү дээ. Хэрэв тухайн сэтгүүл хэвлэе гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүү дээ, зарим сэтгүүлүүд нийт ирж байгаа өгүүлэлүүдийн 5-10 хүрэхгүй хувийг л хэвлүүлэх боломжтой байдаг гээд бодоход ямар их шүүлтүүр дундуур туучиж гарч байж нэг өгүүлэл хэвлүүлдэгийг манайхан жаахан ойлгож, судлаачдынхаа үнэлгээ, урамшуулалаа байг гэхэд хийх ажлынх нь шаардлагатай тоног төхөөрөмж, төсөл санхүүжилт, орчиноор нь хангаж өгөх тал дээр жаахан боддог ч болоосой доо. Мөн судлаачын үнэлгээнд тухайн судлаач хэчнээн өгүүлэлд гол үүрэг гүйцэтгэж, 1-р зохиогчоор орсон байна вэ гэдгийг харгалзаж үздэг систем байдаг. Манайхан бол хөөрхий тэгээл өөрсдийнх нь чадвар нь ч тэр юмуу, улс орны хангамжаас ч бас болдог л байх тэгээл нэгдүгээр зохиогчоор хэвлүүлэх нь ховорхон шдээ, гадныхны Монголд хийсэн ажлуудад нэг нэр нь зүүгдэс гээл явж байдаг. Үнэхээр чадалтай судлаачид байдаг л даа, гэхдээ 95-с дээш хувь нь бол тэгээл Монголд судалгаа хийж байгаа гадныхны гар хөлийн үзүүрт л зарагддагшдээ хатуухан хэлэхэд. Өөрөө юм бодохгүй, өөрөө санаагаа гаргаж чадахгүй, муухан ч болтугай англиар ноорог гаргачихдаггүй хүмүүс чинь яаж нэгдүгээр зохиогчоор орох вэ дээ. Яг нэгдүгээр зохиогчоор ордог, нэгдүгээр зохиогчоор ажиллаж бүтээл гаргаж байгаа хүн хамгийн гол үүрэгтэй бараг бүхнийг л хариуцаж хийж байдгийг бас л ойлгох хэрэгтэй дээ. Тийм мундаг сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор байтугай, өгүүлэлд нь нэр нь дурьдагдсан судлаач манай салбарт л лав гарын 5 хуруунд ч хүрэхгүйшдээ Монголоос.

      Delete
    2. Чи хүнд юм мэдүүлж таниулах гэж байгаа бол аятайхан л тайлбарла л даа. Мэддэг нь чи байж мэддэггүй нь бусад нь байж гээд бодчих. Аль ч сэтгүүлийн нэрийг бичээд интернэт рүү ороход тухайн сэтгүүлийн нийтлэлийн бодлого, хэвлэгдэх материалуудын чиглэл, шаардлага, төлбөр мөнгө, энэ факторынхоо тухай гээд олон мэдээлэл гарч ирнэ. Тэгээд үзээд сонирхоод явж байтал аяндаа бүх зүйлүүдтэй нь танил болноо. Эрдэм судлалын ажилд чинь амжилт хүсье. Энэ дээр асуулт асуусан хүнд.

      Delete
  3. zarim neg gadaad sursan nertei garuud ni uuriiin garaar hiisen yumgui mongol der garsan paper-g copy paste hiij tuhai ulsiin hel deer orchuulj paper thesis gargadag ni asuudal bish gejvv. Bas manai tomoohon ih deed surguuliudiin nomiin sanguud ni IF undurtei setgvvlvvdees tataj awah erhiin awah heregtei bn

    ReplyDelete
  4. Монголд бол хэн ч мэдэхгүй, танигдаагүй хүмүүс гадаадуудад худлаа хэлж, монгол орос хэл дээр гарсан зүйлүүдийг орчуулж тавиад ашиглаад яваад байгаа зүйл нэлээд байгааг анхаарах хэрэгтэй. Тийм хүмүүсийг нэлээд олныг мэднэ. Монголд огт хурал дээр илтгэдэггүй, юм бичдэггүй. тэгсэн атлаа нэг л гадаадад хамгаалсан нэр зүүсэн хүмүүс олон болжээ.

    ReplyDelete
  5. Энд л нөгөө судлаач хүний этика совесть гэдэг чинь гарч ирж бгамдаа. Тэгж явах нь бас зарим сэтгэцийн өвчтэй (олны дунд ямар ч хамаагүй нэр хүнд олохыг хичээх синдром) хүмүүст кайфтай бдаг бололтой. Гэтэл эрүүл хүн өөрийгөө ихэд дор үзнэ шүү дээ. Өөрийгөө чамлана, эрдэмтдээс эмээнэ. хичээж зүтгэнэ. хуулж наагаад явдаг бол захын нохой ч хийх блгүй.

    ReplyDelete
  6. IF, өгүүллэгийн тооноос гадна нэг их чухал үзүүлэл нь ишлэлийн тоо. Гэхдээ ямар чиглэлээр судалгаа хийхээс хамаарч ишлэлийн тоо харилцан адилгүй байдаг.

    ReplyDelete
  7. Хамгийн чухал зүйл бол нийтлэлийн шинжлэх ухааны агуулга бөгөөд үүнийг мэдэх, уншихыг юу ч орлохгүй."Sidney Brenner

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд