Wednesday, February 29, 2012

Шимэгч хорхойтох

-Чи яасан таргалдаггүй юм бэ, паразиттай юм уу ?  -Сармис сайн шдээ, хэрэглээд үзээч ? -Манай бүтээгдэхүүнүүд шимэгчийн эсрэг үйлчилгээтэй, алийг нь авах вэ ? - гэсэн асуултуудад хариулах оролдлого хийе. 

Энэ веб хуудсанд шимэгч хорхой тээгч хүний биед илрэх шинж тэмдгүүдийг нэрлэжээ.
Өтгөн хатах,гэдэс дүүрэх, гүйлгэх,нуруугаар хатгах, булчин шөрмөс хөндүүрлэн өвдөх, хэт туранхай ба хэт тарган байх, нүүрээр юм гарах, харшил болон арьсны тууралт, нойргүйдэл, уур уцаартай, сандруу байдал, амин дэмийн алдагдал болон ядаргаанд орж сульдах, ой санамж, нүдний хараа муудах гм.
Үнэн, хэрэгтэй мэдээллүүд. 
Энэ шинжүүд илэрч байвал шимэгчтэй байж болно гэсэн үг.

Гэхдээ жаахан тайлбар хийхгүй бол болохгүй нь.
Нэгд, дээрх шинжүүд ямар ч өвчний үед илэрч болох ерөнхий шинжүүд байна. Тиймд гарчгийг нь өөр өвчний нэрээр солиход ер зөрөхгүй таарах боломжтой.
Хоёрт, шимэгчийн халдвараас илүүтэйгээр хоол боловсруулах эрхний эмгэг, арьс, харшил, стресс, хоол хүнсний дутагдлын үед илрэх магадлал илүүтэй шинжүүд байна.
Гуравт, хэрэв шимэгчээс болсон гэж үзвэл нэг бус нэлээд хэдэн (4-6) шимэгч хорхойн халдварын шинжүүд холилджээ. Ходоод гэдэсний өвчний үед ерөнхий илэрдэг шинжүүд  гэж бий. Харин шимэгч хорхойнуудын үед  илэрдэг ерөнхий шинжүүд гэж багцлах гэвэл төвөгтэй.  Учир нь шимэгч хорхой бүр өөр өөр эрхтэнд байрладаг, гэдэсний хөндийд, булчинд, элгэнд гэх мэт.
Тиймээс дээрх шинжүүд уг шимэгчийн халдвар байж магадгүй гэсэн ерөнхий сэжиг, таамаг өгөхөөс, онош тавихад хангалтгүй л гэсэн санаа. Энэ шинжүүд илэрвэл үзүүлнэ, шаардлагатай шинжилгээг хийлгэнэ, тэгж байж онош илүү бодитой болно. Зөвхөн шинж тэмдгээр нь хэлнэ гэвэл онош гэхээсээ илүү таамаг болно.

Хүнд халдварладаг нийт 200-300 орчим тооны шимэгч байдгын  дийлэх халуун орнуудад, харин Монгол шиг бөмбөрцгийн хойд хагаст оршдог, хүйтэн сэрүүн уур амьсгалтай газарт  20-30 орчим шимэгчид байдаг. Эдгээрийн тал орчим буюу 10-15 нь л шимэгч хорхой юм. Бусад нь нэг эстэн, эсвэл шимэгч шавьж байдаг.
Монголд бол өргөн тархсан 4 хорхой бий.
1.         Хүүхдийн хялгасан хорхой
2.         Үхрийн туузан хорхой
3.         Хүний хүж хорхой
4.         Бэтэгний туузан хорхой

Хүүхдийн хялгасан хорхойг хүмүүс сайн мэдэх тул алгасья.
Үхрийн туузан хорхой гэдэсний хөндийд амьдрах тул гэдэстэй холбоотой өтгөн хатах, гэдэс дүүрэх, гэдэс гүйлгэх шинжүүд нэмээд ядарч, сульдах,  турах эсвэл таргалах шинжүүд илэрч болно. Ихэнх шинжүүд таарч байна. Хамгийн гол шинж нь дутлаа. Энэ бол баастай хамт хорхойн биеийн хэсэг (үе) гарах.
Хүний хүж хорхой халдварлахдаа эхлээд гэдсэнд орж элэг, уушгаар дамжаад дахин гэдсэнд очиж суурьшдаг учир гэдэсний шинжүүд дээр нэмэгдээд уушгины өвчний шинжүүд илэрч болно.
 Дээрх халдваруудын үед ихэнхдээ шинж тэмдэг огт илрэхгүй. Шимэгчид аль болох урт хугацаанд бага хөнөөлтэй амьдрах зохилдлоготой байдаг.
 Бэтэгний туузан хорхой бусдаасаа нэлээд ялгаатай. Учир нь хүний биед хорхой огт байхгүй. Авгалдай нь уйланхай үүсгэж амьдардаг. Элгэнд, зарим тохиолдолд уушги болон бусад эрхтэнд уйланхай үүсгэдэг. Элгэнд байгаа үед шинж тэмдэг бараг илрэхгүй. Халдварын эхэн үед хэдэн сараас хэдэн жил хүртэл шинж тэмдэггүй байж болдог. Томорвол элэг орчим хүндэрч өвдөх, хэвлий томрох, шарлах шинж илэрнэ. Уушгины бэтгийн үед халуурах, ханиах, цустай цэр гарах гм шинжүүд илэрнэ.

Шимэгч хорхойг үндсэндээ 3 янзаар оношлож байна.
1.         Магадгүй гэсэн шинжүүдийг үндэслэж өөртөө онош тавих. Олон хүн өөрийгөө хорхойтой байж магадгүй гэж хааяа боддог, гэхдээ удалгүй мартдаг.  Цөөн зарим нь үнэхээр хорхойтой гэж итгэдэг. Шимэгч хорхойтой гэж итгэх өвчин (Delusional parasitosism) гэж сэтгэцийн өвчин бий.
2.        Шугаман бус оношилгоо – оберон оношилгоо, электродиагноз, биоскан гм ер нь ямарч нэртэй байж болзошгүй.  Эсийн төвшинд, 30 нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэнтэй тэнцэх, орчин үеийн оношилгоо гэж сурталчилдаг. Би луйвар гэж боддог.
3.         Эмнэлэгт хандаж оношлуулах – Халдварт өвчин судлалын төвд шимэгч судлалын лаборатори гэж бий. Энд хүүхдийн хялгасан хорхой, үхрийн туузан хорхой, хүний хүж хорхойг оношилдог. Тоног төхөөрөмж, чадал боломж нь бага байж магадгүй. Гэхдээ илүү дээр мэддэг, оношилдог газар гэж Монголд байхгүй болов уу. Бэтгийг эхо, рентген, компьютер томографтай аль ч эмнэлэг оношлох боломжтой.

Өөртөө онош тавигчид эмчилгээнд нэг их яардаггүй. Хорхойтой юм шиг байгаа юм гээд л яваад байна. Хэрэв үзүүлэх бол хэн нэгний ятгалгаар шугаман бус оношилгоонд орох магадлал өндөр. Эсвэл өөрийнхөө тавьсан оношоор шууд  янз бүрийн байгалийн гаралтай бүтээгдэхүүн, cleaner, killer гэсэн бүтээгдэхүүн олоод авна. Бүгд л “Америкт үйлдвэрлэсэн, америк эмч нарын зөвлөсөн, онцгой” хүнсний нэмэлт бэлдмэлүүд. “Үр дүн” сайтай юм шиг байгаа юм. Худалдан авагчид мундахгүй байна. Үнэхээр шимэгчтэй байж таарсан нэг нь байгалын гаралтай бүтээгдэхүүн тус болохгүй гэдгийг хожимдоод ч болов ойлгоно. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, шимэгчийн эсрэг эм ууна. Бэтгээс бусад нь нэг удаа эм уугаад л болно. Бэтэг ихэвчлэн эмээр эдгэхээсээ өнгөрсөн үедээ оношлогдох тул мэс заслаар эмчлэгдэнэ.

Эмчлүүлсэн хүн дахиад халдвар авчихгүйг бодож таарна. Урьдчилан сэргийлэлт чухал. Үхрийн туузан хорхойтох ганц зам нь халдвартай  үхрийн маханд байдаг жижиг уйланхай (хорхойн авгалдай) –г залгих. Тиймээс үхрийн түүхий, шүүрхий, дутуу болгосон мах, бууз, таташ, борц идэхгүй, амсахгүй байх, үхрийн махыг гүйцэд болгож идэх хэрэгтэй.
Хүний хүж хорхой нь өндөг баастай гадагшилдаг. Тэр өндөгийг залгивал халдвар авна. Тиймээс жимс, ногоог угааж хэрэглэх, ил задгай уснаас уухгүй байх л хамгийн сайн сэргийлэлт болох болов уу.
Бэтэг бол бэтэгний өндөг залгивал халдварлана. Бэтэгний өндөг халдвартай  чоно, нохойн ялгадсаар гарч хөрс, ус, үсийг нь бохирдуулсан байдаг. Тиймээс нохойгоо туулгах, эзэнгүй нохойтой тоглохгүй байх л сайн сэргийлэлт болно.
Хэт ерөнхий, оновчгүй, буруу зөрүү зөвлөгөө энд тэнгүй байна. Бичиж байгаа хүмүүст нь тэр болгоныг уншиж судлах цаг зав гардаггүй, эсвэл ямар нэг давстай мэдээг сонирхолтой санагдахлаар нь  орчуулчихдаг байх.

Эцэст нь эхний асуултууддаа хариулах гээд үзье.

-Чи яасан таргалдаггүй юм бэ, паразиттай юм уу ?
Байж болох хариулт: Би биеийн жингээ барихад их анхаардаг, идэвхтэй амьдардаг  юм. Паразиттай холбоогүй байхаа. Яагаад ингэж асууж байгаа юм бэ, чи хорхойтож байсан юм уу ?

-Сармис сайн шүү дээ, хэрэглээд үзээч ?
Байж болох хариулт: Сармисаар шимэгчээ устгана гэвэл өөрийгөө үхүүлэх хэмжээнд ихийг идэх хэрэгтэй болдог гэсэн. Дэмий биз дээ.

-Манай бүтээгдэхүүнүүд шимэгч хорхойн эсрэг үйлчилгээтэй, курсээр нь уувал сайн, алийг нь авах вэ ?
Байж болох хариулт: Ямар сайхан савтай юм бэ, гэхдээ эм биш тийм ээ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн биз дээ, шимэгч хорхой хүний идсэн хоолноос хуваалцдаг гэсэн, энэ бүтээгдэхүүний талыг нь миний хорхой бас идэх байхаа, Миний биед сайн юм чинь хорхойд бас сайн л байлгүй дээ, Нээрээ мартсанаас эмч, нутрициологч нарын нэрийг зээлдсэн хүмүүс худлаа яриад яваад байдаг болсон гэж сонссон, за тэр ч яахав, Үүнийг авъя, витамин ямар илүүдэх биш.

3 comments:

  1. sn bn uu internal klenz gedeg shimegch ustgadag buteegdehuun her ym bol bas hunsnii nemelt uu bas transfer factor olon uvchniig emchildeg gedeg n unen bol uu

    ReplyDelete
  2. sarmisiig idej bish klizm tavij heregledeg shdee, sarmisnii handaar burguidaal heden minutiin daraa tsagaan horhoinuud garaad irdeg......

    ReplyDelete
  3. Баялалаа, бараг л нөгөө нэмэлтийг нь авчхаа шахлаа, гэхдээ хоол хүнсний төрөл олширсон үед өөр төрлийн шимэгчид биед орохгүй гэх баталгаа бий эсэх талаар нарийчлах зөвлөгөө өгөхийг хүсье. Шимэгч хорхойтой гэж итгэх өвчин (Delusional parasitosism) тархаж магадгүй люм. Учир нь нөгөөдүүл чинь бүтээгдэхүүнээ борлуулахын тулд хүний гэдсээр дүүрэн язганасан хорхойн зураг, видео харуулаад айлгаад байна аа. Ялангуяа хавар бие сулрах үеэр тэр сурталчилгаа их нөлөөлөх юм.

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд